Харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдадаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа
2023.05.15

Харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдадаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоог шинэчилж тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг асуудлыг судалж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх"-ийг Засгийн газарт даалгасан.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүд иргэд олон нийтэд уг өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, саналыг сонсож байна.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2023.05.13/  харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын үзэл бодлыг сонсож, санал солилцов. Нийт 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд харьяа агентлаг, байгууллагын 450 гаруй албан хаагч оролцлоо.