Сингапурын ЗГ-ын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын гүйцэтгэх захирал Кон Вай Ман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа
2023.05.18

Сингапурын ЗГ-ын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын гүйцэтгэх захирал Кон Вай Ман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын гүйцэтгэх захирал Кон Вай Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Санхүү эрхэлсэн захирал Н.Цэгц болон бусад холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, уулзалт зохион байгуулав.

Уулзалтын үеэр дараах асуудлын талаар санал солилцсон. Үүнд;

  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах тухай сайн туршлагаас суралцахаар тохиролцсон.
  • Монгол Улсын төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах чиглэлээр Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч, МИАТ ТӨХК-ийг загвар болгон тус байгууллагаас техникийн зөвлөгөө авч, хамтран ажиллаж буй ажлыг эрчимжүүлж, улмаар өөр бусад салбарын төрийн өмчит компаниуд ялангуяа агаарын тээвэр, компанийн засаглал, шинжлэх ухаан технологи инноваци, цахим хөгжил харилцаа холбоо, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, орон сууцны чиглэлд харилцан ашигтай, бодитой, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг өрнүүлэх тухай хэлэлцсэн.
  • Төрийн өмч ба төрийн өмчит компанийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газар (SCE) нь Сингапурын төрийн өмчит компаниудад хэрэгжүүлсэн сайн туршлагыг сонирхож буй гадаадын улс орнуудтай хамтран ажиллах зорилгоор 2006 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам болон Гадаад хэргийн яамны санаачилгаар байгуулагдсан юм.

Мөн тус байгууллага нь улс орнуудын төрийн өмч хариуцсан захиргааны байгууллагуудтай нягт хамтран харилцаж, төрийн өмчит компанийн засаглалын сайн туршлага нэвтрүүлэх буюу аливаа улс орны хэрэгцээ шаардлага, өвөрмөц онцлог байдалд нийцүүлэн боломжит шийдлүүдийг тодорхойлж, тэдгээрийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлдэг юм.