Өсвөрийн парламент-2022 хөтөлбөрт оролцогч хүүхдүүд тодорхой асуудлууд дэвшүүлж санал бодлоо солилцлоо
2023.05.29

Өсвөрийн парламент-2022 хөтөлбөрт оролцогч хүүхдүүд тодорхой асуудлууд дэвшүүлж санал бодлоо солилцлоо

Өсвөрийн парламент-2022 хөтөлбөрт оролцогч хүүхдүүд маань өөр өөрсдийн байнгын хорооны хурлыг хийж, дэвшүүлсэн асуудлуудаа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн танилцууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хүүхдүүд "Эрүүл Аюулгүй орчинд амьдрах, сурч, боловсрох, хүүхдийн эрхийг хангахад эрчим хүчний салбарын оролцоог нэмэгдүүлэх " саналын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны хурал дээрээ танилцуулж, асуудлууд дэвшүүлж санал бодлоо солилцлоо.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих хүүхдийн эрхийг хангахад эрчим хүчний салбарын оролцоог нэмэгдүүлэх талаар дараах саналыг гаргаж байна.Үүнд:

Мэдээлэл, баримт нотолгоог бүрдүүлэх асуудлын хүрээнд:

  • Нүүрсэн галлагаатай нам даралтын зуухаар халаалтаа шийдсэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын тоо, нүүрсний жилийн хэрэглээ, холбогдох зардал, үүнээс үүдэлтэй орчны бохирдол, эрүүл мэндийн үнэлгээг үндэсний хэмжээнд хийх.
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагын эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг тооцдог болох.
  • 3. “Хүүхэд ба эрчим хүч”-тэй холбоотой мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэх тогтолцоог бий болгох.
  • Хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулах хүрээнд:
  • Хүүхэд, өсвөр үеийнхний эрчим хүчний хэрэгцээ, онцлог, энэ асуудал хүүхдийн байгаль орчны эрхтэй хэрхэн уялдаж байгаа талаар бүх шатны шийдвэр гаргагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл явцад хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог хангах.
  • Эрчим хүчний үйлдэвлэ, нийлүүлэлт, хэрэглээ, хэмнэлттэй холбоотой бодлого, шийдвэр гаргах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүүхэд, өсвөр үе болон тэдний асран хамгаалагчийн эрчим хүчний хэрэгцээг онцгойлон анхаарах, бүх шатны хэлэлцүүлэгт оролцуулах боломжийг бүрдүүлж ажиллах.
  •  Бохир эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн татаасны бодлогыг эргэн харж, зогсоох, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг хүүхэд сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг барилга байгууламж, орчинд нэн тэргүүнд нэвтрүүлж, нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх.
  • Мэдлэг, боловсрол, оролцоог хангах:
  • Тогтвортой, цэвэр эрчим хүчний талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэнд олгох, агуулгыг дунд, дээд боловсролын хөтөлбөрт тусгах.
  • Тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, ирээдүйн боломжид ямар ач холбогдолтойг олон нийтэд ойлгуулах аяныг өрнүүлэх.