Х.Баттулга: Би сайд болохгүй
-Та нарын гаргаад байгаа саналыг бүлгийн дарга болон бусад гишүүд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Намын зүгээс Засгийн газарт хамтран ажиллана гэсэн шийдвэр гарчихсан байгаа. АН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амин сүнс болох "Эрдэнийн хувь"-ийг хамтарсан Засгийн газарт нэрээр нь оруул гэсэн шаардлага тавиад байгаа. Урьд нь хамтарсан Засгийн газар гэж байгуулахдаа хүүхдийн мөнгийг сар бүрт биш улиралд бүрт гэж будлиан тарьж чадсан шүү дээ. Хувьсгалт намынхан ийм зүйлд нохой зан сайн гаргаж чаддаг. Ийм байдал гаргуулахгүй гэсэн үүднээс бид сэргийлж байгаа юм. Хамтран ажиллах гэрээндээ "Эрдэнийн хувь" гэж нэр заан оруулж, 1.5 сая төгрөг олгоно гэж оруул гэсэн саналыг тавьсан гишүүд.
-МАХН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэж, аль аль нь зөвшөөрсөн тохиолдолд уг гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн заалттай юм билээ. Танай намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх үү?
-15 гишүүн саналаа тавьсан юм чинь хэлэлцэх учиртай. АН-ын гишүүд иргэн бүрт "Эрдэнийн хувь"-ийг олгуулахыг 100 хувь дэмжих байх гэж бодож байна.
-Нэр бүхий гишүүдийг нам доторх сөрөг хүчин гэж ойлгож болох уу?
-Сөрөг хүчин биш. Олонхийн шийдвэрээ дагадаг нь ардчиллын зарчим, цөөнх нь олонхоо дагана. Хамтарч байгаа юм бол бидний гаргаж байгаа саналыг оруул л гэж байгаа. Уг гэрээнд бусад асуудал нь тусгагдсан байна лээ.
-Засгийн газраас суудал авч чадаагүй АН-ын гишүүд эсрэг санал гаргаж байна гэсэн хардлага байна..?
-Цаг хугацаа харуулах биз дээ. Хэн нь ямар суудалд суух нь удахгүй тодорхой болно шүү дээ. Албан тушаал аваад ажил хийнэ гэдэг чинь хариуцлагатай хүний хийх ажил. Гэтэл сайд болонгуутаа өөрсдөө баяждаг, компаниа томруулдаг, авгай хүүхэд, хамаатан садангаа ажилтай болгодог, нийгэмд юу ч хийдэггүй байдлыг эсэргүүцэж ярих л хэрэгтэй. Манайд албан тушаал гэдэг өнөөдөр сөрөг ойлголттой болгочихсон. Хуц ухна тавьчихсан юм чинь нөгөө л хэдэн нөхөр сайд болоод байдаг. Тэгээд авилга хээл хахууль цэцэглэдэг гэдэг болгоомжлол, хардлага нийтэд байх шиг байна. Үүнийг зөв гэж бодож байна.
-Танд сайдын суудал өгч МоАХ-ны "амыг таглана" гэж сонссон юм байна..?
-Хэвлэлээр болно гэж бичээд байгаа болохоос биш би сайд болохгүй. Олон мянган гишүүнтэй МоАХ тэгж амаа таглуулахгүй.