Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүндрэл үүссэн байршлуудад ажиллалаа
2023.07.06

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хүндрэл үүссэн байршлуудад ажиллалаа

Монгол орны ихэнх нутгаар үргэлжлэн бороо орж, улмаар нийслэлд үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэрсэн байршлуудад өнөөдөр ажиллалаа.

Хүндрэл үүссэн байршлууд дээр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн сургуулийн алба хаагчид хүч нэмэн ажиллаж байна. Мөн нөхцөл байдлыг хэвийн түвшинд оруулахын тулд онцгой байдлын 565 алба хаагч үүрэг гүйцэтгэж буй.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу энэ сарын 08-ны 00.00 цаг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд холбогдох дүрэм журмыг бүх нийтээр дагаж мөрдөх нь гамшгийн нөхцөл байдлыг бууруулах болон учирч болох бусад эрсдэлээс хамгаалахад чухал. Иймд Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын гаргасан шийдвэрийг мөрдөж, энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа иргэд, олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд олон байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолж, талархал илэрхийллээ.