Төр, хувийн хэвшлийн түншлэлээр зогсоолын менежментийг сайжруулна
2023.07.19

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр зогсоолын менежментийг сайжруулна

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр

-Баянгол дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, ЭХЭМҮТ-ийн уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх замын урд болон хойд талд 433

-Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл, Сөүлийн гудамжны замын урд болон хойд талд 145, нийт 578 авто зогсоолд шинэ технологи нэвтрүүлэн, зохион байгуулалтыг нь шинэчлэх юм. Төлбөрийн уян хатан, ухаалаг шийдэл бүхий уг технологийг нэвтрүүлснээр авто зогсоолын ашиглалт, сэлгэлт нэмэгдэхээс гадна тухайн бүсэд байгаа худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэгчдэд зогсоолын хүртээмж нэмэгдэнэ.

Түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд 2022 онд 28 байршилд 1227 зогсоолыг шинээр байгуулсан бол энэ онд 20 байршилд 1208-ыг байгуулах юм.