Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг баталлаа
Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг дүгнэж, 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгууллаа.
Хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохирлоо.
Хэлэлцээрийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийгмийн түншүүдтэйгээ хамтран Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг томоохон хуулиудыг боловсруулан УИХ-аар батлуулж эрх зүйн тодорхой шинэчлэлийг хийсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлснээр хөдөлмөрийн зах зээлд шинээр үүссэн харилцааг зохицуулах, практикт нэвтрүүлэх боломж бүрдлээ. Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд хүлээгдэж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг түншлэгч талууд хамтын хүчин чармайлт гарган, манлайлж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, ОУХБ-ын 111 дүгээр чуулганаас дэвшүүлсэн “Нийгмийн шударга ёсыг хангах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэх” зорилт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийн дараах эдийн засгийн сэргэлт зэргийг баримтлан нийгмийн түншлэгч талуудын идэвх санаачлагад тулгуурлаж хэрэгжүүлэх юм.