Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо
2023.08.28

Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн /2023.08.24/ Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага (ИНТОСАИ)-ын Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллахаар боллоо.

ИНТОСАИ-ийн Хөгжлийн санаачилгаас “Ази номхон далайн бүс нутгийн тогтвортой гүйцэтгэлийн аудитын практик”-ийг дэмжих ажлын хоёрдугаар шатны төлөвлөлтийн хүрээнд үнэлгээний баг Монгол Улсын Үндэсний аудитын газарт ирж, аудитын жилийн төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлийн аудитын арга зүйн хяналт, үр дүн болон аудитын чанарын удирдлагын тогтолцоо зэрэг зургаан чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.

Уулзалтын эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд төрийн аудитын байгууллагын хяналт шалгалт, төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах агуулгыг тусгасан. Энэ хүрээнд 2020 онд Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулсны зэрэгцээ Монгол Улсын 2023 оны төсөв батлахтай уялдуулан төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан. Мөн бид 2023 оны 01 дүгээр сард төсвийн шинэчлэлийн хүрээнд холбогдох 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан гэдгийг онцлон тэмдэглээд эдгээр хуулийн талаар товч танилцуулж, мэдээлэл өглөө. Тэрбээр, энэ хүрээнд батлагдсан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь бодлогын түвшинд томоохон өөрчлөлт оруулсан гэв.

Түүнчлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, 2022 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн баталсантай холбогдуулан төсвийн төслийг өргөн мэдүүлэх, тайлагнах, аудит хийхтэй холбоотойгоор бодлогын түвшинд томоохон дөрвөн алдаа байсныг залруулж ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоол баталсан. Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хамтран төсвийн зарлага нэмэгдүүлсэн, буруу тайлагнасан зэргээр төрийн аудитын байгууллагаас “сөрөг”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлээд байгааг танилцуулав.Мөн төсвийн шинэчлэлийн хүрээнд төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор Улсын Их Хурлаас төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж ажиллаж байгааг Төсвийн байнгын хорооны дарга онцлон тэмдлэглээд цаашид төрийн аудитын байгууллагыг бэхжүүлэх, хяналтыг нь сайжруулах, үйл ажиллагаа, менежментийн хараат бус байдлаар ажиллах нөхцөл бүрдүүлэх, засаглалыг нь сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх зэргээр томоохон шинэчлэлийг хийх, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна гэлээ.

ИНТОСАИ-ийн Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат хэлсэн үгэндээ, манай үнэлгээний баг төрийн аудитын байгууллагын гүйцэтгэлийн аудитыг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аудитын газарт ажиллаж байна. Үндэсний аудитын байгууллага нь УИХ-ын Төсвийн байнгын хороотой нягт хамтран ажилладаг нь сайн туршлага байна. Энэ хүрээнд талууд хамтын ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгааг дурдаад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг олон улсын аудитын байгууллаас зохион байгуулдаг сургалт, хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн сайн туршлагаа хуваалцаж, цаашид Аудитын дээд байгууллагатай идэвхтхэй хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад Хөгжлийн санаачилгын мэргэжлийн болон холбогдох Аудитын дээд байгууллагуудын газрын менежер Марита Салгрэйв, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн санхүүгийн мэргэжилтэн Жуби Куолс, Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Тахмен Ахмад, Монгол Улсын Ерөнхий аудторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөлвлөлтийн газрын захирал Б.Бундхорол, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Э.Алтанзул, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ш.Батцэнгэл нар оролцсон юм