Политехник коллежуудад Олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2023.09.11

Политехник коллежуудад Олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улс мэдээллийн технологийг эдийн засгийн голлох салбарын нэгээр нэрлээд зогсохгүй “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлээд буй.

Энэ хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг шинэ шатанд гаргах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, суралцагч төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхээр зорьж байна.

Ингээд Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг (Pearson BTEC International Level 3) энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.

Дэлхийн 70 гаруй улс орны Засгийн газар, ажлын олгогч, мэргэжлийн холбоод, 300 гаруй их дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тус хөтөлбөрийг төрийн өмчит таван политехник, коллеж хэрэгжүүлэх эрхээ аваад байгаа билээ.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт мэдээллийг технологийн ашиглалтыг чанарын болон ур чадварын өндөр түвшинд хүргэх, сургалтын агуулга хөтөлбөр, сургалтын орчныг шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтэд мэдрэмж бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бий болгоход Pearson BTEC олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү хөтөлбөрийн суралцагчид Үндэсний болон олон улсын хос дипломтой төгсөх, олон улсын хөдөлмөрийн зах зээл шууд гаран ажиллах, 300 гаруй их дээд сургуульд элсэн суралцах боломж нь бүрэн нээгдэх юм.