#Шилэн хууль7 мин унших
Боловсролын багц хууль батлагдлаа, “орос школа” bye

Монголын Улс боловсролын салбартаа анхаардаг ганц зүйл нь жил бүрийн төсөвтөө шинэ сургууль, цэцэрлэг барих, өргөтгөл хийх, урсгал зардлын мөнгийг л шийддэг байсан. Сүүлийн жилүүдэд багш, боловсролын салбарын ажилтнуудын жагсаал, шаардлага, шахалтаар цалинг нэмэгдүүлж, цалин тооцох арга, хэлбэрээ шинэчилсэн. Зарим ном, сурах бичгийг шинэчлэн хэвлэснээс бусдаар энэ салбарт дорвитой бодлогын өөрчлөлт, шинэчлэлт хийгдээгүй гэдэгтээ бүгд санал нийлэх бизээ.
Хуучин сургалтын арга барил, багш төвтэй тогтолцоог халах, дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бүрдүүлнэ гэж олон арван жил ярьсан ч ажил хэрэг болсон нь тун цөөн байлаа. Арга ядахдаа арай овсгоотой сургуулийн захиралууд хөөцөлдөж байж Кэмбриджийн сургалтыг сургуульдаа нэвтрүүлж, санхүүгийн чадамжтай эцэг эхчүүд хувийн сайн сургуульд хүүхдүүдээ барадуулаад олон жил болж байна.
Ардын хүүхэд англи хэл сурч болохгүй юу гэхчилэн нийгмээрээ талцахад хүрсэн нь дэлхийн боловсрол гэдгийг англи хэл төдийхнөөр төсөөлдөг байсан бид хуучин “орос школа”-даа дадчихсан байж. Харин энэ удаагийн парламент боловсролын салбарт шинэчлэл хийж, цэцэрлэгээс нь эхлээд дээд боловсрол хүртэлх бүх боловсролын тогтолцоогоо бүрэн хамруулж БОЛОВСРОЛЫН БАГЦ хуулийг баталлаа.
Энэ бол Монгол Улс анх удаа боловсролын багц хуулийг Улсын Их Хурал цогцоор нь шинэчлэн баталсан чухал үйл явдал юм. Өмнөх боловсрлын хуулиудыг харвал:


Багц хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн мэдүүлсэн.
Боловсролын багц хуулийн төсөл өргөн барив. 2021.06.24
Боловсролын багц хуулийн төсөл өргөн барив. 2021.06.24
Энэ үеэс хойш хоёр жилийн хугацаанд хуулийн төслүүдийг сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол болон боловсролын ерөнхий хууль гэсэн 5 төслийг тус бүрчлэн хэлэлцэж, 5 ажлын хэсэг байгуулан эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгч, мэргэжлийн боловсролын болон төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлгийг хэдэнтэй хийсний эцэст 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталлаа.
- БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
- МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУД БАГТАЖ БАЙНА.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 3.2 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна. Үүнээс 500-600 тэрбум нь шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгт, 2.3-2.4 их наяд нь цэвэр урсгал зардалд явчихдаг баримт бий.
Зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас гадна хөгжлийн хөрөнгө оруулалтыг хуулиар шинэчлэх алхам хийсэн нь, өнгөрсөн 21 жилийн хугацаанд боловсролын багц хуулийг хамтад нь шинэчилж, боловсролын салбарын реформ хийлээ.
Эрх тэгш суралцах, чанартай боловсрол эзэмших, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоотой багш, сурагчийг тасралтгүй хөгждөг боломжийг хуулиар нээж байна.
Мөн танхим болон цахим сургалтыг хослуулна. Ингэхдээ сургалтын хөтөлбөр шинэчлэгдэх юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад, багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг нь баталгаажуулах, олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, боловсролын байгууллагыг ашгийн болон ашгийн бус хэлбэртэй байлгах, хэл соёл, боловсролын дархлаатай холбоотой олон зүйл заалт бүрийг хөндөн авч хэлэлцсэн.





