2023.10.12

Х.Нямбаатар: Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэллээ.

Х.Нямбаатар: "Юуны өмнө надад өндөр итгэл, зориг, дэмжлэг үзүүлж ирсэн, хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Сонгинохайрханчууддаа баярлалаа.

Нийслэл хотод ужгирсан олон асуудлын шийдлийг гаргаж, шийдэх үүрэг аалгаварыг хүлээлгэсэн Ерөнхий сайдын үүрэг даалгаварыг хэрэгжүүлэх итгэл өвөрлөн миний бие Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд сонгогдох энэ саналыг хүлээн авч өнөөдөр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна.

Миний бие 2 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдохын зэрэгцээ Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг албан тушаалыг хавсран гүйцэтгэж ирлээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа 100 орчим хуулийн төслийг санаачлах болон хамтарсан баг ахалж, ажлын хэсэгт орж ажилласан байна. 2020 оноос хойш ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаанд нийт 60 хуулийн төсөл дээр ажиллаж 27 батлуулж, 13 төслийг хэлэлцүүлгийн түвшинд ирүүлсэн. Үлдсэн 20 хуулийг одоогийн сайд Б.Энхбаяр нягтлан боловсруулж өргөн барихаар ажиллаж байна.

Эдгээр хуулийн хүрээнд нийтийн эрх зүйн шинэчлэл, эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл, эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх процессын ажлууд амжилттай хийсэн. Түүнчлэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх ажил 2 жилийн нүүрийг үзэж байна. Энэ ажил Шүүх байгуулах хуулийн төслөөр энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

Хамтран хууль тогтоох байгууллагад зүтгэсэн гишүүддээ цаашдын улс төрийн ажилд өндөр амжилт хүсье.

Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажилласан. Хамтран зүтгэж байсан журмын нөхөддөө талархал илэрхийлье. 

Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана. УИХ, Засгийн газрын зүгээс бидний оруулж ирэх шинэчлэлийн бодлогыг цаг алдалгүй дэмжиж өгөхийг хүсье" гэлээ.