"Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг", "Шилдэг менежменттэй ментор сургууль"-д индексийн урамшуулал олголоо
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлттэй байна. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.
Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол 2 дахь удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авах болзлыг хангаад байна.
Багш нарын энэхүү урамшуулал нь ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50.6 хувь, нийт цэцэрлэгийн 41.4 хувь нь урамшуулалд хамрагдах болзлыг хангасан байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана.
Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн 9 дүгээр сараар жишээлж үзэхэд өссөн үзүүлэлт харагдаж байна. 2021 оны 9 дүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45.9 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 69.1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 дүгээр сард 95.6 тэрбум төгрөгийг шийдэж, багш нарт нэмэгдэл цалин урамшууллыг олгосон байна.
Сүүлийн жилүүдэд чухлаар тавигдаж байгаа нэг асуудал бол “Сургуулийн бие даасан байдлыг дэмжих буюу сургуулийн менежмент”-ийн асуудал болоод байна. Тиймээс 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан.
Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газар “СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ” төслийг 37 сургуульд хэрэгжүүлэн ажиллахдаа менежментийн дэмжлэг үзүүлэх 20 сургууль, Монгол Улсын гавьяат багш 16, чиглүүлэгч 36 мэргэжилтний ажиллах чиг үүрэг, ажлын хуваарийг сургуулийн менежментийн шалгууртай уялдуулан нарийвчлан гаргаж өгсөн төдийгүй 587 үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.
Үүний үр дүнд 2022-2023 оны хичээлийн жилийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 35 сургуулийн үзүүлэлт ахиж, нийт сургуулийн 89% нь буюу 124 сургууль өмнөх жилийн гүйцэтгэлийн хувиа ахиулсан төдийгүй үнэлгээнд хамрагдсан 150 сургуулийн 56% буюу 84 сургууль нь нийслэлийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй үнэлэгдсэн.
Мөн 76% буюу 114 сургууль улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна. Өмнөх жилийн индексийн урамшуулалд шалгарсан шилдэг менежменттэй 20 сургуулийн 9 сургууль нь өөрийн амжилтаа хадгалж, зөвлөн тусалсан сургуулийнхаа амжилтыг 0,84-21,47 хүртэлх хувиар ахиулж, өнөөдөр “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ, МЕНТОР СУРГУУЛЬ” боллоо.
2023-2024 оны хичээлийн “Нийслэлийн шилдэг менежменттэй- зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214 дугаар захирамжаар батламжилсан.