Ц.Мөнхцэцэг: Ахмад настныг үр хүүхэд нь асран хамгаалаагүй бол нэхэмжлэл гаргаж болно
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ирэх оны төсөв болон Гэр бүлийн тухай хуулийн талаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Сонгуульд зориулсан, хэт тэлсэн төсөв болсон гэж шүүмжлэх хүмүүс байна. Харин таны хувьд юу гэж харж байгаа вэ?
-Ирэх оны төсвийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Өмнөх жилүүдээ бодвол нэлээд дэвшилттэй болсон гэж харж байгаа. Ноднин, уржнан жилүүдийн төсвийг хэлэлцэх үед цар тахал, геополитикийн асуудлуудаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үе байсан учраас төсвийн болон Мөнгөний бодлого хүнд байсан. Тийм ч учраас энэ жилийн төсөв дээр бид нэг ч шинэ хөрөнгө оруулалт тавьж чадаагүй. Энэ нь боловсрол, эрүүл мэнд гээд хүний хөгжлийн гол салбаруудад ихээхэн хохиролтой туссан.
Харин энэ он гарснаар Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний гарц сайжирсан. Хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн, дэлхийн зах зээл дээр уул уурхайн гол бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа учраас улсын төсөвт нэлээд дэвшил ажиглагдаж байгаа. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас Монгол Улсын 2023 оны эдийн засгийн түвшинд хийсэн дүгнэлтээс ч үүний харж болно. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг 14 хувь болж нэмэгдсэн. Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн зарцуулалт сайн байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна лээ.
Монгол Улсын төсвийн орлого 2022 онд 18.5 их наяд, 2023 онд 21.8 их наяд байсан бол 2024 онд 27.2 их наяд байхаар төсвийн тооцоолол хийгдсэн байна.
Ийм учраас ирэх оны төсөв дээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг тавьж өгсөн. Мөн ирэх оны төсвийн гол онцлог бол хот, хөдөөгийн ялгааг арилгах том зорилт тавьсан.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс хөдөөд орон сууц худалдан авах, бизнес эрхлэх үйл явцад тодорхой хөнгөлөлтүүдийг ч оруулсан. Тухайлбал, орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн гурван нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлнэ гэсэн нь хот хөдөөгийн сэргэлтийг дэмжихэд нааштай үр дүн авчирна гэж бодож байна.
Үүнээс гадна дэд бүтцийн болон стратегийн томоохон хөрөнгө оруулалтыг түлхүү тавьж өгсөн төсөл орж ирсэн. Боомт, эрчим хүч, дэд бүтцийн сэргэлт гээд олон зүйлийг дурдаж болно. “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн баримтуудад тулгуурласан сэргэлтийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх зорилт тавьсан учраас төсвийн хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн. Мөн эрүүл, мэнд боловсролын салбарт шинэ хөрөнгө оруулалтууд тавьж өгснөөрөө онцлог.
Тухайлбал, Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Зүрх, судасны үндэсний төв, Халдвартын эмнэлэг гээд олон бүтээн байгуулалт бий. Монгол Улсын түүхийн гол өв болсон Хархорин хотыг сэргээн байгуулах ТЭЗҮ-г боловсруулах ажил ч мөн ирэх онд хийхээр болсон. Миний хариуцан ажилладаг салбар болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны салбарт “Парис-2024” зуны олимптой холбоотойгоор төсөв нь нэлээд нэмэгдэж байгаа. Эхэлсэн ч гэсэн хөрөнгө оруулалт нь зогссон байсан биеийн тамирын заал, спортын төвүүдийн төсвийг дуусгахаар оруулж ирсэн.
-Гишүүдийн тойрогт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмсэн нь өөрөө асуудал дагуулж байх шиг байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Гишүүдийн төсөв гэдэг ойлголт бол байхгүй. Монгол Улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд дээр бүх аймаг, дүүрэг, бүхий л салбаруудаар төсвийн саналыг авдаг. Үүн дээр үндэслээд тухайн төсвийн нийт зардлын хүрээнд хүн амын төвлөрөл, хөрөнгө оруулалтын ач холбогдол, ирээдүйд гарах үр дүн гээд олон шалгуураар эрэмбэлж хувиарладаг. Түүнээс биш гишүүн бүрд юм уу, тойрог бүрд нэгэн жигд байдлаар хуваарилсан зүйл байхгүй. Манай нийслэлийн хувьд бол эрүүл мэнд болон боловсролын салбарт ачаалал их бий.
Төвийн дүүргүүдийн сургуулиудын нэг анги дахь хүүхдийн тоо 50-60, маш олон сургуульд өргөтгөл шаардлагатай. Үгүй бол их засвар хийх болчихсон байгаа. Тойрогт хийгдсэн уулзалтуудын үеэр иргэдээс санал авахад олонх нь эмнэлэг, сургуулийн асуудлыг хөнддөг. Өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургалтын орчныг сайжруулах, интернетийн хурдыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг шаарддаг. Тийм болохоор Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүдийн хувьд боловсрол, эрүүл мэнд, хүн амын амьдрах орчныг сайжруулах гэсэн чиглэлд л төсөвт оруулах саналаа өгдөг юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн өргөтгөлийг төсөвт оруулж өгсөн. Мөн ногоон байгууламж байгуулж, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд санал өгчихөөд байна.
-Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэх болсонтой холбоотойгоор шаардлагатай хөрөнгийг сайд нарын багцаас танах байдлаар гаргах болсон нь асуудал дагуулахаар байх шиг байна. Учир нь Эрчим хүчний сайд л гэхэд хэрэв ингэж танасан тохиолдолд салбарынхаа төрийн албан хаагчдыг цомхотгохоос өөр арга байхгүй гэж мэдэгдсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Ирэх оны төсвийг Их Хуралд өргөн барьсны дараагаар ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэж оруулж ирсэн. Ер нь инфляц, үнийн өсөлттэй уялдуулж төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага байгаа. Хаврын чуулганаар нийгмийн даатгалын тухай хуулиа баталж, үүнийг дагасан Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж өгсөн. Харин ирэх оны төсвийн төслийг өргөн барихаас өмнө Засгийн газар дотроо асуудлаа шийдээд оруулж ирэх ёстой байсан болов уу гэж бодож байгаа.
-Таны хувьд Гэр бүлийн тухай хууль дээр ажилласан. Өнөөдөр/өчигдөр/ чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцээд дэмжлээ. Энэ хуульд гол ямар зарчмын өөрчлөлтүүд, заалтууд оруулж өгсөн бэ?
-Олон нийтийн дунд их удаан хүлээлттэй байсан хуулийн нэг бол яах арга байхгүй Гэр бүлийн тухай хууль байгаа юм. Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороонд ирдэг өргөдөл, гомдлын нэлээд хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, ахмад настан харж хандах хүнгүй үлдэх зэрэг байдаг. Дээрээс нь гэр бүл салалтын улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Шүүхээр гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдийнхээ тэтгэмжийг өгөхгүй зугтах асуудал ч их гардаг. Тийм ч учраас энэ хууль нэн яаралтай хэлэлцэгдэх ёстой байсан. Ингээд ХЗДХ-ийн сайд УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөр/өчигдөр/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Цаашдаа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдээд явна. Энэ хуульд дэвшилттэй заалтууд их орсон.
Гэр бүлийн тухай хууль гэдэг бол гэрлэлттэй холбоотой үүсэж байгаа эрх зүйн үр дагаварууд болох гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эд хөрөнгийн эрхийг зохицуулдаг. Нийгмийн харилцааны маш чухал хууль. Тус хуульд тэжээн тэтгүүлэх эрх, тэжээн тэтгэх үүрэг гэдгийг оруулж өгсөн. Тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээдүүдийг нэрлэн зааж өгч байгаа. хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Ахмад настныг үр хүүхэд нь хайхрахгүй, асран хамгаалаагүй тохиолдолд шүүхэд хандаад, нэхэмжлэл гаргаж болно гэсэн үг.
Энэ бол маш чухал заалт. Дараагийн маш чухал заалт бол цус ойртолт болон төрөл садангийн хооронд гэрлэх асуудлаас урьдчилан сэргийлэх заалтуудыг нарийн оруулж өгсөн. Тухайлбал, гэрлэлтийг бүртгэх үедээ садан төрлийн холбоотой эсэх, цус ойртсон нөхцөлд орох вий гэдэг үүднээс хосуудыг ДНХ-ийн шинжилгээ өгөхийг хуулиар зохицуулж өгсөн. Гэвч энэ хүрээнд анхаарах зүйл байгаа нь Монгол Улсын хэмжээнд зөвхөн Шүүх шинжилгээний үндэсний төв дээр л энэ төрлийн шинжилгээг хийдэг.
Тиймээс Генетикийн үндэсний төв буюу удам зүйн үндэсний лаборатори байгуулах бодит шаардлага байгаа. Үүнийг АШУҮИС юм уу, эсхүл томоохон эмнэлгүүдээ түшиглэн яаралтай байгуулах хэрэгтэй байна. Хүн ам цөөтэй улсын хувьд удмын сангийн аюулгүй байдал асар чухал. Мөн гэрлэгчдийн хэн нэг нь ёс суртахууны үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талынхаа эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэдгийг оруулж өгч байгаа.
-Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг яаж шийдэхээр байгаа вэ. Зарим гишүүдийн хувьд тэтгэмж төлөгч талын орлоготой уяж шийдвэрлэх тухай санал гаргаж байсан?
-Энэ хуулийн бас нэг зохицуулалт бол албан ёсоор гэр бүлээ батлуулсан, хамтран амьдарч байсан тохиолдолд хүүхэд хохирох ёсгүй. Гэр бүл салснаас үүдэн хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс олон чухал заалтууд оруулсан. Насанд хүрээгүй хүүхдүүд, хөдөлмөрийн чадваргүй болон байнгын асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүдийг заавал тэжээн тэтгэх үүрэгтэй. Мөн хүүхдийг тэжээн тэтгэх насыг 21 болгож нэмэгдүүлсэн.
Харин хүүхдэд өгөх тэтгэмжийг тухайн тэтгэмж төлөгчийн орлоготой уях санал их гарсан. Гэвч ингэж орлогоос хамаарч ялгаатай тогтоох нь Үндсэн хуулиар олгогдсон хүн бүр тэгш байх эрхэд сөргөөр нөлөөлөх заалт учраас судлах шаардлагатай гэж үзсэн. Тийм болохоор Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг гэр бүл салсан тохиолдолд хүүхдэд өгөх тэтгэмжийн хэмжээ ямар байх вэ гэдэг дээр судалгаа хийж ажиллана.
Ер нь амьжиргааны доод түвшинтэй уялдуулан хүүхдэд өгөх тэтгэмжийг тогтоодог байдлаас салах цаг нь болсон. Гэр бүл салахаар хүүхдэд сэтгэл санааны болон бусад маш олон төрлийн хохирол учирдаг. Энэ дотроо хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх нь бүгд өөрчлөгдөж, хүүхдийн эрх зүйн байдал нь дорддог. Тийм болохоор нөхөн олговор хэлбэрээр буруутай этгээдээс гаргуулах нь шударга үнэнд нийцнэ.
-Гэр бүл салсан тохиолдолд эцэг нь л буруутай, тэтгэмжийг эрэгтэй нь л өгөх ёстой юм шиг ойлголт нийтэд байдаг. Шинэ хуулиар буруу этгээд гэдгийг хэрхэн тогтоож, тэтгэмж өгөгчийг тогтоох юм бэ?
-Одоо бол Иргэний хэргийн шүүх дээр гэр бүлийг цуцалдаг. Ер нь гэр бүл захиргааны болон шүүхийн журмаар гэсэн хоёр байдлаар цуцалдаг юм. Салж байгаа хосын хооронд эд хөрөнгийн болон хүүхэд харгалзах асуудалд маргаан байхгүй бол захиргааны журмаар, харин маргаантай байгаа бол шүүхээр ордог. Хэрэв гэр бүлийн дагнасан шүүх бий болохоор бол гэр бүл салалтаас гарч байгаа эрх зүйн үр дагавар гээд өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцдэг болно. Харин хэн нь буруутай вэ гэдгийг шүүх л тогтооно. Мөн хүүхдээ хэн нь авахаас шалтгаалан хүүхдээ аваагүй этгээд нь тэтгэмжийг төлнө. Манай улсын хувьд ихэнхдээ ээж нь хүүхдээ авдаг. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол хэнтэй нь амьдрах вэ гэдгийг шийдэх боломжийг хуульд оруулж өгсөн.
-Та түрүүн яриандаа Европын холбооны улсууд руу визгүй зорчих асуудлыг тавьсан гэж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Би УИХ дахь Монгол-Европын парламентын харилцах бүлгийн даргын ажлыг эрхэлдэг. Энэ бүлэг маань Европын холбоо болон Монгол Улс хоорондын бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын зүгээс эрх зүйн болон бусад дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй. Европын холбоо бол манай улсын ардчилал, эдийн засгийн томоохон түнш.
Бид гуравдагч түнш гэж үздэг юм. Европын холбооны гишүүн улс орнуудад манай улсын иргэд зорчих, удаан хугацаагаар амьдрах, их дээд сургуульд суралцах, богино хугацааны аялал, тэмцээн уралдаанд оролцох урсгал их байдаг. Тийм учраас иргэд аль болох хөнгөлөлттэй, визгүй зорчих асуудлыг бид тавьж ирсэн. Энэ албыг авсан цагаасаа хойш дээрх асуудлыг хөөцөлдөж байна. Европын парламент болон Монгол Улсын парламентын хоорондын зөвлөлдөх гурван удаагийн уулзалт болсон. Энэ уулзалтууд дээр ч уг асуудлыг байнга тавьж ирсэн.
Манай саналыг ч нэлээд дэмжиж байгаа. Ер нь иргэдээ гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх нь Монгол төрийн гол үүрэг. Өнөөдрийн байдлаар манай улс Европын холбооны 18 гишүүн улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийг байгуулаад байна. Энэ дотроо 13 улстай нь дипломат болон албан паспорт эзэмшигчийг харилцан визийн нөхцөлөөс чөлөөлөх хэлэлцээрийг байгуулсан. Мөн таван улстай дипломат паспорт эзэмшигчийг визний нөхцөлөөс чөлөөлөх хэлэлцээрийг байгуулаад байна. Одоо бол энэ хэлэлцээрийг Европын холбоотой байгуулах нь чухал байгаа. Ингэж байж иргэд маань тухайн улсууд руу хуулийн дагуу зорчоод ирэх, хуулийн хугацаанд амьдрах бүрэн боломжтой болно. Энэ нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг маш олон үйлчилгээ авах боломжийг нээнэ.
Европын маш олон улсуудад бүх шатны боловсрол үнэ төлбөргүй байдаг. Тийм учраас энэ боломжийг иргэд маань ашиглахад визний хөнгөлөлт маш чухал байгаа юм. Энэ саналаа ч бид саяхан болсон 16 дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр Европын холбоонд дахин тавьсан. Монголд хүрэлцэн ирсэн гишүүд ч манай саналыг дэмжсэн. Тийм болохоор ойрын хугацаанд, тэр дундаа ирэх он гэхэд Европын холбооны улсууд руу визгүй зорчих нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.