О.Цогтгэрэл: Үндэсний баялгийг олон нийтийн хяналтад оруулах, тогтворжуулалтын санг бий болгох хуулийг өргөн барьж байна
2023.11.29

О.Цогтгэрэл: Үндэсний баялгийг олон нийтийн хяналтад оруулах, тогтворжуулалтын санг бий болгох хуулийг өргөн барьж байна

УИХ дахь АН-ын бүлгээс “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Уг хуулийн төсөл үндсэн гурван үзэл баримтлалтай. Үндэсний баялгийг олон нийтийн хяналтад оруулах замаар иргэдийг өмчтэй болгох, ирээдүйдээ өр биш өв үлдээдэг тогтолцоо руу шилжих, тогтворжуулалтын санг бий болгож, тогтвортой өсөлт рүү чиглэе гэсэн гол агуулга бүхий хуулийн төслийг өргөн барьж байна.

Төр нь баян байна гэсэн уриатай нам засгийн эрхийг барьж байгаа. Төр нь баян байна гэдэг нь сүүлдээ дарга нь баян болж хувирдаг юм байна. Хэрхэн яаж авлигажсан улс болдог вэ гэдгийг бүгдээрээ харж байна. Өнөө жилийн улсын төсвийг түүхэн дээд хэмжээгээр буюу 27 их наяд төгрөгөөр баталлаа. Юун авлигатай тэмцэх авлига улам гаарна. Энэ бүхний эсрэг АН-ын бүлгийн зүгээс бодлогын шийдлээ танилцуулж байна" хэмээв. 

Түүнчлэн "Эрх чөлөөний болон татварын багц хуулиуд дээр бодлогын шийдэл гаргаж ажиллана. Хулгай биш бодлого ярьдаг улс төрийг бид анхаарах цаг нь болсон. Монголчууд 2000 оноос хойш уул уурхайн баялгаар 83 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийсэн талаарх Дэлхийн банкны тайлан байдаг. Энэхүү борлуулалтын дөнгөж нэг хувийг монголчууд зөв зохистой ашиглаж хуримтлуулсан байна. 

Баялгийн сангийн зохицуулалт ямар шаардлагатай байгааг энэ тоо харуулж байгаа юм" гэв.