2023.12.28
Хүүхдийн амин үзүүлэлтийг цахим системээр хянадаг боллоо
Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсөв хараад суух биш, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагууд хийж, хэрэгжүүлэх ёстой. Тэр ч утгаараа СДМЗХ-ны дэргэдэх “Нийгмийн ардчилал залуучуудын сан” өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаад БНХАУ-ын “Энх тайван хөгжлийн сан”-д бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө төсөл хэрэгжүүлэх санал тавьсан. Ингэснээр улс, нийслэл, дүүргийн төсөвгүйгээр дараах гурван төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр нээлтээ хийлээ.
- Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмч, сувилагчид бүх өвчтөний амин үзүүлэлтийг нэгэн зэрэг хянах төвлөрсөн системийг суурилууллаа. Ингэснээр өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанар сайжрах, цаг алдахгүй байх зэрэг олон давуу талууд бий болж байна. Мөн тус тасагт хэсэгчилсэн засвар хийж, тав тухтай орчин бүрдүүллээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 14990 м2 талбайд хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн ээлтэй байдлаар тохижуулж, зассанаар хүүхдийн чадварыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.
- “Аутизм Монгол-Анд” ТББ-ын мэдрэхүйн өрөө болон биеийн тамирын өрөөг тохижуулах төсөл хэрэгжүүлсэн. Ингэснээр Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл сайжруулах, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах орчныг бүрдүүлсэн юм.