Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.01.12

Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс, нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг зохион байгуулахтай холбогдуулан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.

Тэрбээр, Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэслэл, үзэл санаа, төрийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх үе шатыг тусган баталсан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүс, орон нутаг, нийслэл Улаанбаатар болон дагуул хотыг хөгжүүлэх, мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогод боомтын болон хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод тусган хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал, байр суурийг сонсож, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгах, түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах, холбогдох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.