БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2024.01.11

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2024.01.10) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон хатагтай Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цар тахлын үе болон өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч цар тахлын үеийн сорилт бэрхшээлийг амжилттай даван туулахад БНХАУ-ын дэмжлэг чухал үүрэгтэй байсныг онцоллоо.

Түүнчлэн одоогийн Засгийн газар БНХАУ-д хийх төрийн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж улмаар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой анхаарч ажилласныг уламжиллаа.

Монгол, Хятад хоёр орны гадаад худалдааны эргэлт 2023 онд 17.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ өсөлтийг ирэх жилүүдэд тогтвортой нэмэгдүүлэн ажиллахыг зорьж буйгаа илэрхийлж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн явцыг эрчимжүүлэх, шинээр хэрэгжих төслүүдийг эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, хоёр орны Төрийн тэргүүн нарын дэмжсэн “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон үзүүлэнгийн талбай байгуулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай солилцох захидлыг ойрын хугацаанд байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар талууд тохиролцлоо.

Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжиж, тэр дундаа гадаад худалдааны эргэлт 40 хувиар нэмэгдсэнийг сайшааж байсан юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой 2024 онд тохиож байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn