Боловсролын сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон. Гүйцэтгэлээс урамшуулал олгох, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт, үйл ажиллагаанд хамруулах, сургалтын менежментийг ингэж сайжруулснаар олон ахиц гарч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тухайлбал, 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын байгууллагын гүйцэтгэлийн дундаж 71.7 хувь байсан бол 2023 онд 74.2 болж, багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5 хувь байсан бол 2023 онд 75.7 хувь болж нэмэгдсэн байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн 5937 багшид 5,937,825 мянган төгрөг, ЕБС-ийн 12,296 багшид нийт 31,276,001 мянган төгрөг, 2023 оны 09-12 дугаар сард 12,307 багшид 16,732,248 мянган төгрөг, цэцэрлэгийн 6,450 багшид 3,059,991 мянган төгрөгийн урамшуулал тус тус олгожээ.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 378 цэцэрлэгт 5,389,306 мянган төгрөгийн, 265 сургуульд 10,616,463 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт, 2023 онд 396 цэцэрлэгт 5,884,157 мянган төгрөгийн, 325 сургуульд 13,942,860 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон байна.
Шинээр баталсан журмын дагуу олгох нэмэлт урамшуулалд шаардагдах төсвийг 2024 оны улсын төсөвт тусгасан тул нэмэлт төсөв шаардлагагүй юм.