ЭЗБХ: АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ БАТЛАХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.03.13/ хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 25 дугаар захирамжаар байгуулагдсан Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн асуудалд төр цаашид ч нэгдсэн байр суурьтай байх шаардлагатайг Ажлын хэсгийнхэнд анхааруулсан. Тэрбээр, АМНАТ гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасны дагуу төлж байгаа төлбөр. Нөгөөтээгүүр, уг төлбөр нь төрөөс ард түмний баялгийг нүүрс экспортлогч аж ахуйн нэгжид ашиглуулсны дараа иргэдийн өмнөөс цуглуулж буй татвар юм. Тиймээс төр АМНАТ-ийг бүрэн гүйцэт авах зарчмыг баримталж ирсэн. Гэвч нүүрс экспортлогч компаниуд АМНАТ-ийг давхардуулж байна, эсвэл өндөр үнээр буруу тооцож авч байгаа талаар шүүхэд багагүй гомдол гаргадаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид энэ асуудалд шүүх дээр нэг ч удаа ялагдаж байгаагүй. Улсын Их Хурал хууль тогтоох, Засгийн газар баталсан хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Иймд Улсын Их Хурлаас байгуулагдаж буй Ажлын хэсэг АМНАТ-ийн асуудалд Засгийн газрын баримталж буй бодлоготой нэг байх, байр сууриасаа ухарч болохгүй гэдгийг гишүүдэдээ захиж байгаагаа хуралдааны тэмдэглэлд үлдээмээр байна” гэсэн саналыг хэлсэн.
Ингээд Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.