Нийслэл ₮500 тэрбумын үнэт цаас гаргаж дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ
2024.06.06

Нийслэл ₮500 тэрбумын үнэт цаас гаргаж дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. Энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан. Нийслэл энэ онд багтаан 500.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.  Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх аж. Үүнд: 

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад ₮300.0 тэрбум 
  • Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд ₮150.0 тэрбум 
  • Ариутгах бохир усны Туул-1 коллекторын байгууламжийн ажилд ₮40.0 тэрбум
  • Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд ₮6.0 тэрбум
  • Андеррайтинг үйлчилгээний зардалд ₮4.0 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна.