2024.08.13

Гадаад, дотоод орчинд хүний "амьсгалах эрх" зөрчигдсөөр

Монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхтэй бөгөөд нөгөө талаараа эрүүл мэндээ хамгаалах нь иргэдийн журамт үүрэг. Гэсэн хэдий ч иргэний энэхүү үндсэн эрхийг баталгаатай эдлэх боломжоор ТӨР нь хангаж өгөх үүрэг хүлээдэг. Харамсалтай нь өнөөдөр манай улсад дээрх эрх зөрчигдөөд удаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний хувьд орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах түүнийг бууруулахад авах арга хэмжээг судалгааны үндэстэй эдийн засгийн үр ашгийг нарийвчлан тооцсон бодлого боловсруулахад гар бие оролцон ажиллаж байна. Түүнчлэн Монгол улсад хэрэгжсэн гадаадын хөрөнгө оруулалттай агаарын бохирдлын олон төслүүдийн үнэлгээний багт орж, мэргэжлийн дүгнэлт өгч ажилласан. Тухайлбал Мянганы сорилтын сангийн төсөл,ПИН ОУ-ын байгууллагын Амьсгалах эрх төсөл, НҮБ-ын хүүхдийн сангийн хэрэгжүүлсэн төсөл.

2009 онд хийсэн энэхүү төслийн үр дүнд Монголд анх удаа агаарын бохирдлоос үүдэлтэй, нийслэлийн хүн амын эрүүл мэндийн алдагдал жилд 463 сая ам. доллар гэж тооцоолсон. Энэ нь нийт хүмүүст хамаарах эрүүл мэндийн алдагдал, буюу агаарын бохирдлоос болж нас барсан хүний амьдралын өртөг юм. Нэг хүний хувьд цаг бус үхлээс сэргийлэх зардал буюу амьдралын өртөг нь 220 мянган доллар хэмээн тооцоолжээ. Энэ судалгааны арга зүй, ач холбогдол өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, агаарын бохирлдлын эсрэг авч буй арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцон гаргахад үндсэн өгөгдөл болдог юм. Цаашдаа нийгмийн эрүүл мэндийн асуудлыг урт хугацаандаа сайжруулж, иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Онцгойлон монголын ирээдүй болсон хүүхдүүдээ жилийн дөрвөн улиралд цэвэр агаар, цэвэр орчинд амьдрах боломж нөхцөлөөр хангах шаардлага зүй ёсоор тавигдаад удлаа. Миний хувьд Бельгийн вант улс, Люваны их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцсан бөгөөд KUL сургуулийн Уушгины хор судлалын лабораторид дадлагажиж, агаарын бохирдлын чиглэлээр гүнзгийрэн суралцаж мэргэшсэн. Зүрх судасны өвчин, уушгины хорт хавдар, цус харвалт нас баралтад агаарын бохирдол нөлөөлж буйг дэлхий дахин баталсаар л байна.

Монголын нөхцөлд есөн хүний нэг нь агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж 2010 онд судалгаа хийж байсан. Хүүхдийн уушгины хөгжил долоон нас хүртэл явдаг. Иймд бага насны хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртөж, эрүүл мэнд нь сүйрч байна. Лос Анжелосын их сургуулийн судлаачид, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч судлаачидтай хамтарч хийсэн судалгаагаар хэрэв бид агаарын бохирдлыг тав дахин бууруулж чадвал ураг өөрөө зулбах тохиолдол дөрөв дахин буурах боломжтой гэж дүгнэсэн. Энэ талаар хангалттай ярьж, шаардаж байгаа. Гэтэл дотоод орчны агаарын бохирдлын хор уршгийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь маш том асуудал.

Тухайлбал сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газарт дотоод орчны агаарын бохирдлын стандартыг батлах, засварын ажлыг эрт хийж хэвших хэрэгтэй байна. Дэлхий дахинд хийгдсэн судалгаагаар будаг, цавуу зэргээс үүдэлтэй дэгдэмхий органик нэгдлүүд нь хорт хавдар үүссгэдэг гэдгийг батлачихсан. ДЭМБ-аас жил бүр дотоод орчны агаарын бохирдлоос болж 3 сая хүн нас бардаг ба энэ нь цагаасаа өмнө нас барж байгаа хүмүүсийн 10% -ийг эзэлж байгааг судлажээ.

Нас баралтын тэргүүлэх шалтгаанд орж буй гадаад, дотоод агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах талаар иргэдэд цэгцтэй, зөв мэдлэг мэдээлэл түгээхэд анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жил буюу 2023 оны УИХ-ын хаврын чуулганаар баталсан, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг авч, ард иргэдэд зөв ойлголт, мэдлэг түгээж, хариуцлагатай ажиллаж чадвал үр дүнд хүрнэ.

Цаашид агаарын бохирдлын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн эрүүл мэндийн өртөг үр нөлөөллийн шинжилгээг нарийвчлан хийж эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэх шаардлагатай. Бид хаана, ямар хотод амьдарч байгаагаас үл шалтгаалан цэвэр агаараар амьсгалах эрхтэй, үүнийхээ төлөө өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэн, үр дүнд хүрэхийн төлөө ажиллах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn