ЗУДЫН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ЭЦЭСЛЭЭГҮЙ Ч БЭЛТГЭЛЭЭ БАЗААХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
2024.07.23

ЗУДЫН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ЭЦЭСЛЭЭГҮЙ Ч БЭЛТГЭЛЭЭ БАЗААХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард зудад хорогдсон малын тоо нийт мал сүргийн 1.7 хувь буюу 1.1 сая байж, 116 мянган малчин өрх зуд, хаврын хүндрэлтэй нөхцөлд байгааг мэдээлсэн. Харин түүнээс хойш малын хорогдол болон нийт хохирлын дүн, шалтгаан нөхцлийг эцэслэн гаргаагүй байна.

Зудад малаа алдсан малчдад малын индексийн даатгалаар нөхөн олговор олгогдох ёстой ч малаа даатгуулсан болон даатгууллаа ч сумдын хорогдсон нийт малын тоо зэрэг бусад нөхцлийг хангаж байгаа малчдын тоо нийт малчдын 10 хувь ч хүрэхгүй. Монгол Улсын онцгой комиссоос зудын шалтгаан нөхцлийг нарийвчлан мэдээлээгүй ч ямартай ч малчдад өвлийн бэлтгэлээ сайн хийх, түүнийг хангаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. 

Тодруулбал, өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт,  эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.

Жич: Зудаас бүрэн сэргийлэх боломжгүй ч нөлөөллийг бууруулах боломжтой. Ингэхдээ өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх системийг бий болгох, мал аж ахуйн тогтвортой менежментийг дэмжих, зудад нэрвэгдэх магадлалтай бүс нутагт өвс тэжээлийг хуваарилах, зайлшгүй шаардлагатай бараа, материалын нөөцийг бүрдүүлэх, зудад малчид малаа хэрхэн арчлах талаарх мэдээллийг хүргэх зэрэг ордог байна.