ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨВ БАРИХ НЬ ТЭДНИЙГ УЛАМ ТУСГААРЛАЖ БУЙ ХЭРЭГ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 111 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй. Тэдний 84 хувь нь буюу 93 мянга нь ямар нэг байдлаар хөдөлмөр эрхлэх чадвартай гэж үнэлэгддэг. Гэвч 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 29.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа ба энэ нь 2010 онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Боловсролын хувьд 86.1 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшжээ.
Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлж байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах чадвар сул байгаа нь тэднийг нийгмээс олон янз байдлаар тусгаарлаж байдагтай холбоотой.
Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганаар "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд"-ийг хэлэлцэж байна. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй холбоотой 29 заалт оржээ. Тэр заалтуудад тухайн иргэдийн нийгэмд чиглэсэн хандлагыг бий болгоно, төвөөс аль болох гаргана гэсэн утга агуулга нь цөөхөн ба гол төлөв асрамж халамж, тусад нь төв барина гэсэн утга их орсон гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэв.
О.Саранчулууны үзэж буйгаар Монгол Улс 2009 онд нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцэд өгсөн зөвлөмж болон дагалдах бичиг баримтуудад байгууллага, барилгыг Засгийн газар тусгайлан барихгүй байхыг зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тусад нь төв барих тусам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлаж байна гэж үздэг байна. Угтаа бол төв барих нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 20, 30 хувьд байгаа хүнд хэлбэрийн хүмүүст зориулсан бүтэц байх ёстой.
Хэрэв тусгахаар бол хүнд хэлбэрийн асаргаа шаардлагатай гэх мэтээр ангилж тусгах шаардлагатай. Тэгэхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л бол тэр төв рүү явах ёстой, ийм тэргэнцэр авах ёстой гэсэн ойлголт байсаар байх аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв барина гэдгийг хасах. Гагцхүү үйлчилгээнийхээ стандарт руу, төв барьдаг бүс рүү гаргах нь алсдаа тустай гэсэн юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмадад зориулсан аливаа үйлчилгээний нийт зардлын 70-аас дээш хувь нь бэлэн мөнгө. Мөн нийт халамжийн мөнгөний 80 хувь нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ердөө 20 хувьд нь зарцуулагддаг. Гэтэл япон, солонгос зэрэг орнуудад тэр хэмжээний үйлчилгээг төрийн үйлчилгээгээр буюу мөнгөн бус хэлбэрээр үйлчилгээгээ авдаг байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлэхдээ “Өнөөдөр хөдөлмөр хийх чадвартай 96 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Харин 16-хан хувь нь ажил эрхлэж байгаа. 1/25 гэсэн зарчмаар хөдөлмөрийн ур чадвар нь тэнцэхгүй байгаа учраас тэр хүмүүст сурах хэрэгцээ байна, нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй байна. Тэгэхээр бид төв барина, тусгаарлана гэдэг өгүүлбэр болгоныхоо ард хариуцлага үүрэх хэрэгтэй байна.