Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: Бүтээмж, инновацын хэлтсийг анх удаа байгууллаа
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяатай ярилцлаа. Тэрээр Словенийн Ерөнхийлөгчийн хамт ойн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн сургалтад оролцсон юм.
-Манай орны нийт газар нутгийн 8 хувийг ой бүрхсэн. Бид энэ талбайг 9 хувь болгох амлалт үүрэг авсан. Би ажлаа аваад хэт их тооны араас хөөцөлдөхгүй. Байгаа модоо яаж хамгаалах, шавж устгалыг хэрхэн хийх, ойн түймрээс хамгаалах вэ гэдэгт анхаарч, гамшгийн чиглэлээр Шадар сайд, ОБЕГ-тай хамтран ажиллахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр чиглэлд тусгасан.
Эхлээд байгаа ойгоо хамгаална. Ойн салбарт гаднын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Эдгээрт аудит оруулан, үр дүнг харна. Би яамандаа Бүтээмж, инновацын хэлтсийг анх удаа байгууллаа. Модыг хуучин аргаар тарилгүй, шинэ менежмент нэвтрүүлнэ.
-Хортон шавжтай тэмцэх ажил үр дүнтэй байна уу, хангалттай хөрөнгө төсөвлөсөн үү?
-Өмнөх сайд 2024 оны төсөвт багагүй хөрөнгө суулгуулсан. Шавж устгал тавдугаар сарын 15-нд эхэлсэн. Орон нутгаас бидэнд ирүүлсэн, өнгөрсөн сарын зургуудыг харахад шавж устгал үр дүнд хүрчээ. Ойн зургийг хоёр сарын дараа аваад харьцуулахад илт өөрчлөгдсөн нь шууд харагдсан.
-Та томилогдоод удаагүй байна. Ямар асуудалд голлон анхаарах вэ?
-Байгаль орчин олон салбарыг хамардаг, салбаруудын уялдаа холбоог шаарддаг онцлогтой. Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж, байгалийн гамшгийн давтамж нэмэгдлээ. Бид үүнд яаж бэлэн байх вэ? Яаж сөрж зогсох уу? Яаж дасан зогсох вэ гэдгийг бодож, томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Байгаль хүний хүчин зүйлээс шалтгаалж бохирддог.
Ногоон эдийн засаг руу шилжихгүйгээр байгалийг хамгаалахгүй.