2024.08.21

Ж.Энхбаяр:Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо хийх зорилт тавьсан

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сайдаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөдөө аж ахуйтай холбоотой гол гол асуудлуудын талаар асууж тодруулав.

Тухайлбал, хамгаалагдсан аж ахуй, мал эмнэлгийн хорио цээр, эрүүл бүсүүдийг байгуулах, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой асуудлуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан, монгол малын махыг экспортлох боломжийг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, лабораториудын чанарыг сайжруулах талаар ямар ажил хийх, талаар асуусан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Хөдөө аж ахуйн салбарын өмнөө тавьж байгаа томоохон зорилт бол “Монгол мах” брэндийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэлээн суурьтай тусгасан

Хамгийн түрүүнд мал эмнэлгээс асуудлаа эхэлнэ. Мал эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах хүрээнд таван бүсийг мал эмнэлгийн эрүүл бүс болгох, улмаар бусад бүс нутгаас бэлтгэгдсэн мал нь энэхүү хамгаалагдсан бүс, хамгаалагдсан аж ахуйн нэгжээр дамжин эрүүл ахуй, мал эмнэлгийнхээ бүх шаардлага үйлчилгээг хангаад улмаар махыг нь экспортод гаргах зохион байгуулалтыг хийнэ. Бидэнд яаралтай Биокомбинатаа шинэчлэх шаардлага үүсэж байгаа. Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо бүрэн хийх зорилт тавьсан. Мал, мах экспортлохын тулд тэжээлийн баазыг улс орны хэмжээнд өргөтгөх шаардлага байгаа. Бүсчилсэн тэжээлийн аж ахуйнуудыг бий болгох, газар тариалангийн бүс нутаг дахь таримлын сэлгээнд тарих тэжээлийн ургамлуудын нэр төрлийг олшруулах, үйлдвэрүүдийг итгэмжлэх асуудлыг эрчимтэй хийж байна. Хамгийн сүүлд махны нядалгааны гол үйлдвэрүүдэд халал стандартыг нэвтрүүлээд Арабын болон Төв Азийн орнууд руу гаргах хөнгөлөлттэй, хязгааргүй нөхцөлтэй гаргах боломжийг бий болголоо.