СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн Бүсийн захирал хатагтай Жьюн Кунуги болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Тэрээр НҮБ-ын Хүүхдийн сантай хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлээр ялангуяа умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхэд хүний папиллома вирусийн шинжилгээнд 35, 45 настай нийт 51,605 эмэгтэйг хамруулах, цаашлаад дархлаажуулах, томуугийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмчилгээний чанарын асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээнд эрчимтэй хамтарч ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн тандалт, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль санаачилж байгаагаа дурдаж, үүнийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.