"Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг хангадаг гол хүч юм"
2024.09.05

"Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг хангадаг гол хүч юм"

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчдын чуулга уулзалтыг энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Баруун бүсийн ахлагчдын чуулга уулзалт Завхан аймагт үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг Шадар сайд С.Амарсайхан нээж, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа төлөөлөн оролцож буй 200 гаруй ахлагчид баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Тэрбээр "Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч билээ. Төр засгийн зүгээс цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид, төрийн тусгай албаны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулан, тэдний ажиллах нөхцөл бололцоо, амьдралын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадамжийг бататган хөгжүүлэх алхмуудыг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулахыг зорьж байна.

Бид зөвхөн бүс орон нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч идэвхтэй хамтран ажиллагаа өргөжүүлэх ёстой. Гадаад харилцаагаа бэхжүүлж, бусад улс орнуудын туршлагаас суралцаж, стратегийн чадамжаа сайжруулан, гаднын орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бодитоор харж, ажиглаж, судлан мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөж байх ёстой. Энэ бүхэн олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хийж буй нарийн дүн шинжилгээ, стратегийн төлөвлөлтөө тогтмол тодотгож, сайжруулахаас эхэлнэ" гэсэн юм.