УИХ-ын гишүүн Д.Энхтуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай
2024.09.19

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг өнөөдөр /2024.09.19/ хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн 24 оронд манлайлан ажиллаж ирсэн эрхэмтэй дахин уулзсандаа баяртай буйгаа тэмдэглээд, монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч, хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж, үүний улмаас бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буйг дурдаад, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийг өргөжүүлэх, мөн хүүхэд хамгааллын төвийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудлууд болох боловсролын тэгш бус хүртээмж, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэнд, аюулгүй орчин, хүчирхийллийн бодит нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүнээс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинд иргэдийг хамруулахыг олон нийтэд уриалж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ