"Иргэдийн шаардлагад нийцсэн 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформ хийнэ"
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.09.22) Увс аймагт ажиллаж байна. Тэрээр төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн баруун бүсийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах УИХ-ын стратегийн талаар танилцуулаад байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, таван нам, эвслийн төлөөлөл, салбар бүрийн дуу хоолой УИХ-д орж ирсэн нь ардчиллыг хангаж, парламентын засаглалыг бэхжүүлж буйг УИХ-ын дарга онцолж байна. Тэрээр, энэ удаагийн парламент 1990 оны нийгэм, улс төрийн тогтолцооны хувьсгал шиг 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформыг хэрэгжүүлнэ гэлээ. Ингэснээр иргэдийн хүсэл шаардлагад нийцсэн хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж үйлчилнэ.
Өнгөрсөн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт байгааг судалсан. Үүнийг шинэ парламент засна. Цаашлаад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийдэг байх бодлогыг баримтлан ажиллана. Тухайлбал, криптовалют гэх мэт нийгмийн өөрчлөлт шинэчлэлтээр гарч ирж буй шинэ харилцаанд эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна. Мөн 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хууль гэх мэт олон жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн зарим хууль тогтоомжид одоог хүртэл өөрчлөлт ороогүй байгаа нь нийгмийн шаардлага, олон нийтийн хэрэгцээнд нийцэхгүй болжээ. Тиймээс хууль тогтоомж цаг үеэ дагаж шинэчлэгддэг байх зохицуулалтыг энэ удаагийн парламент хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Увс аймгийн иргэдийн зүгээс хууль эрх зүйн шинэчлэл хийх цаг нь болсон талаар ярьж байна. УИХ-аас хэрэгжүүлж буй Гурван төгөлдөршил, Бүсчилсэн хөгжлийн бодлого зэргийг баруун бүсийн иргэд дэмжиж буйгаа илэрхийллээ