П.Сайнзориг: АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг хуурахаа зогсоо
2024.09.25

П.Сайнзориг: АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг хуурахаа зогсоо

Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирэх аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан "НИТХ-д нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшиж буй зарим хүн хууль зөрчиж, иргэдийг хуурч байна" хэмээн мэдээллээ.

Тэрбээр "Сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байхад нийслэлийн АН-аас нэр дэвшиж буй Т.Батцогт, О.Батханд тэргүүтэй залуучууд сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын хамт зах худалдааны төвөөр явж, иргэдийг ташаа мэдээллээр төөрөгдүүлж байна.

Тодруулбал, хүүхэд хөгжлийн карт буюу 30 мянган төгрөгийн карт тараана, хуулийн төслийг санаачилсан гэжээ. Х.Баттулгын хэлээд буй энэ төсөл УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд дунд алга. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээс би хайж үзсэн юм.

Тиймээс энэ бол иргэдийг төөрөгдүүлж байгаа хэлбэр. Тус хуулийн төслийн тухайд санаачилж буй, боловсруулж байгаа хэсэгт хуулийн төсөл биш Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тогтоол гэж байгаа юм. Тэгэхээр анхнаасаа иргэдийг төөрөгдүүлж, хуулийн төслөө УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа мэт худал мэдээлэл тарааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

Өр зээлийг тэглэнэ гэдэг залуу хойч үе л төлнө гэсэн үг.

Сонгуульд санал авах зорилгоор хуулийн төсөл танилцуулж байгаа ярьж байгаад харамсаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд хууль бус сурталчилгааг хориглох заалт бий. Үүнд, орон нутгийн сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсвэл нөхөн авах ээлжит сонгуулийн тухайд сонгуулийн тов зарласан, шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд /нэр дэвшигч, улс төрийн албан тушаалтан/ сонгуулийн сурталчилгааг хийх, сонгогчдын санал авах, татах зорилгоор дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заасан. Ингэхдээ хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр амлалт өгөх. Өөрөөр хэлбэл сонгогчдод ямар нэгэн байдлаар давуу тал болгох амлалт өгч болохгүй гэж хуульд заасан.

Мөн тус хуулийн 47.5 дугаар зүйлд зааснаар сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд буюу нэр дэвшигчид, сонгуулийн сурталчилгааны ухуулагч, менежерүүд сурталчилгааны явцад дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглохыг тусгасан.

Шулуухан хэлбэл, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг санаачилсан гэж овоглож явдаг. Үүгээрээ улс оронд ямар их хэмжээний хохирол учруулаад байгааг иргэд мэдэх нь зөв. Энэ зун УИХ-ын сонгуульд хангайн бүсээс дэвшихдээ Х.Баттулганэр бүхий нэр дэвшигчдийн хамт мөн л малчдын зээл тэглэнэ гэж хууль зөрчиж явсан. Энэ хүний хууль зөрчилтийг хаана, хэн хэлж анхааруулах вэ.

Монгол Улсын эдийн засаг дөнгөж сэргэж, тогтворжиж байхад ингэж хорлож, асуудал гаргаж болохгүй. Өр зээлийг тэглэнэ гэдэг залуу хойч үе л төлнө гэсэн үг. Дэмжлэг, тэглэлт, бодит хувь нэмэр огт биш. Улам хүнд ачааг л бий болгож байна" гэв.