Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
2024.09.23

Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ойн баярт оролцож, баярын мэндчилгээ хүргэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өдийг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн та бүхэндээ нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа Хүн, нийгмийн амар тайван байдлыг хангах зорилтын хүрээнд цагдаагийн байгууллага бүрд стандартын шаардлага хангасан барилга, байгууламжийг үе шаттайгаар барих, цагдаагийн алба хаагчдын ашиглах төхөөрөмжийг шинэчилж, сайжруулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон харилцаа холбооны шийдлийг нэвтрүүлэх бодлогыг баримтлан хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн бүх сум, тосгодод нийт 23 ширхэг дэлхийн хамгийн дэвшилтэт хиймэл дагуулын интернэтийн сүлжээ болох Starlink-ийн интернэт төхөөрөмжийг шийдвэрлүүлэн олгох болсныг дуулгахад таатай байна.

Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сайхан суманд 2.3 тэрбум төргөгийн өртөг бүхий сум дундын цагдаагийн хэлтэс байгуулагдсан. Мөн 2024 оны улсын төсөвд аймгийн цагдаагийн газрын барилгад 4.4 тэрбум төгрөгийг тусгаад байна. Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор албан хэрэгцээнд автомашин олгосон зэргээр үйл ажиллаааг дэмжин ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын хамт олон, албаны нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn