Хоёр орны Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүд  уулзлаа
2025.06.24

Хоёр орны Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа

Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн, Соёлын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн М.Мандхай нар өнөөдөр (2025.06.24) ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр талын боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн голлох салбаруудын нэг хэмээн үзэж, 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай улсад 30 хүртэл хоногоор зорчих гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, Британи Улсын бүх төрлийн паспорттай иргэд визгүй зорчих боломжтой болсон.

Аялал жуулчлал, иргэд хоорондын солилцоо, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 онд шинэчилсэн билээ.

ИБУИНХУ-ын парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал ч хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.