Х.Булгантуяа: Олон намын төлөөлөлтэй парламент улстөржиж хэрхэвч болохгүй
2024.10.01

Х.Булгантуяа: Олон намын төлөөлөлтэй парламент улстөржиж хэрхэвч болохгүй

- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган эхэллээ. Ээлжит чуулган төдийгүй энэ удаагийн УИХ-аас олон нийт их зүйлийг хүлээж байна. Намрын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Шинэ парламентын анхны намрын ээлжит чуулган ажил хэрэгч эхэлж байна. УИХ-ын даргын захирамжаар 50 гаруй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Иргэд, олон нийтийн зүгээс хамгийн их хүсэн хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хуулиудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ. Жишээлбэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах зэрэг ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд шаргуу ажиллалаа. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь УИХ-ын гишүүдийн хувьд нэн чухал асуудал. Мөн батлагдсан хууль, тогтоол тухайн хууль, эрх зүйн орчинд хэр нийцэж, хэрэгжиж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч, хяналт тавих нь хамгийн чухал юм. Олон намын төлөөлөл бүхий парламент улстөржиж болохгүй. Өөрөөр хэлбэл, хоорондоо эв түнжингүй байж, төрийн бодлого шийдвэрийн залгамж халааг алдагдуулж үл болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсан шинэ парламент нь зөвхөн тооны өөрчлөлт биш засаглалын шинэчлэл, парламентын төлөвшилд эрс өөрчлөлт авчрах итгэл найдварыг ард түмэнд төрүүлж байгаа гэдгийг ямагт санах ёстой юм.

-УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар Та ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөний шинэчлэл ямар зорилтыг агуулж байна вэ?

-Монгол Улсад шинэ цагийн парламент байгуулагдсанаас хойших 32 жилийн хугацаанд 3 дахь удаагаа УИХ стратеги төлөвлөгөөгөө боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, хуульчид зэрэг өргөн хүрээний төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын стратеги төлөвлөгөөг УИХ-ын гишүүдийн, эсвэл УИХ-ын Тамгын газрын стратеги төлөвлөгөө гэж явцууран ойлгож болохгүй. УИХ хууль тогтоох үйл ажиллагаагаа хэрхэн биелүүлж байна вэ, иргэд, олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу, иргэддээ ээлтэй байх эрхэм зорилтоо биелүүлж чадах эсэхийг энэхүү стратеги төлөвлөгөө харуулах ёстой юм. Нэн тэргүүнд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн, төрийн байгууллагууд, иргэдтэй олон талын хэлэлцүүлгүүдийг хийж эхэлсэн.

- Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил”-ийн утга учрыг товч дүгнэвэл?

-Өнгөрсөн хугацаанд хууль, эрх зүйн орчин хүн төвтэй биш, төр төвтэй буюу иргэдийн эрх ашгийг хамгаалахаас илүүтэй төрийн эрх мэдлийг нэмэгдүүлж иржээ гэж хуульчид дүгнэж байна. Өдөр тутмын амьдралд мөрдөгдөж буй 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийж үзэхэд тэдгээр хуулийн 800 гаруй зүйл, заалт хүний эрхийн зөрчилтэй байна. Өнгөрсөн парламент ч хүний эрхийн мэдрэмжтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж хуулиуд дахь хүний эрхийн зөрчлийг 50 хувиар бууруулсан. Бид хүний эрх зөрчигдсөн ялгаварлан гадуурхалтыг арилгахын төлөө ажиллах ёстой юм. Мөн өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, хууль, шүүхийн салбарт реформ хийсэн. Түүнийг үргэлжлүүлэх ёстой. Хуулиас давсан журмууд олширч иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Үүнийг нэгмөсөн хуульчлах ёстой. Энэ мэт олон нийтийн зүгээс ирж буй бухимдал, санал шүүмжлэлийг шийдвэрлэх, хүний эрхийг хангахад УИХ-ын даргын дэвшүүлж буй 3 төгөлдөршил чиглэж байна.