Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Элчин сайд Фиона Блайдтай уулзлаа
2024.10.10

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Элчин сайд Фиона Блайдтай уулзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайттай өнөөдөр (2024.10.10) уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Фиона Блайд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг мэргэжлийн түвшинд зохион байгуулсанд Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн хороодод баяр хүргээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Элчин сайд Фиона Блайд хоёр дахь удаагаа уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо таатай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцох, мэргэжилтнүүдийг сонгуулийн менежмент, техник технологийн чиглэлээр чадавхжуулахад хамтран ажиллах боломжтойд талууд санал нэгдлээ. Санал тоолох автомат төхөөрөмж ашигладаг, зохион байгуулалтын бүхий л шатанд цахим систем нэвтрүүлсэн, нээлттэй байдлыг бүрэн хангасан зэрэг Монгол Улсын сонгуулийн байгууллагын сайн туршлагыг ИБУИНХУ-ын сонгуулийн байгууллага судлах, хамтран ажиллах нь зөв гэж үзэж байгаагаа Элчин сайд Фиона Блайт онцолсон.

Түүнчлэн сонгуулийн бус үед залуу сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Монгол Улсын Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ажиглагч томилон ажигласанд талархал илэрхийлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг ажиглахад нээлттэйг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцоллоо. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсад суугаа зарим Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудаас төлөөлөгчид ажиглаж байгаа юм.