Д.Энхтүвшин: Гишүүдээ хайрцаглачхаад асуудлаа шийдээд байвал Монгол Улс хөгжихгүй
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр 2025 оны төсвийн зарлагыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг нэр бүхий гишүүдтэй хамтран Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.
-Та нэр бүхий гишүүдтэй хамтран ирэх оны төсвийн зарлагыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж, нэгэнт боогдчихсон байхад ийм санал гаргаж байгаа нь оройтсон юм биш үү. Хэрвээ үнэхээр дэмжихгүй байсан бол эхний нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр энэ саналаа гаргаад, шаардлагаа хүргүүлбэл үр дүнд хүрэх байсан юм биш үү?
-Энэ жил сонгуультай байсан учраас төсөв огцом нэмэгдэж, 30 их наяд болсон. Гэтэл 2025 оны төсвийг үүнээсээ бараг зургаан их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн. Энэ дүнгүүдийг нь харахаар урсгал зардалтай холбоотой асар их үргүй зардал нэмэгдсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр зардлуудыг бууруулах олон санал УИХ-ын гишүүд гаргасан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад төсвийг хайрцаглаад, гишүүдийг худалдаж авах гэх юм уу үйлдэл гаргасан. Тухайлбал, Сангийн яам гэнэт “600 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Үүнийг тойргийн гишүүдэд хувааж өгье. Жагсаалтын гишүүд хоёр туслахтай байж болно. Энэ мөнгө төсөв дотор байна” гэдэг байдлаар ярьсан. Үүнээс харахад өмнө нь төсвөө батлуулахын тулд байнга УИХ-ын гишүүдийг жижиг эрх ашгуудаар нь далимдуулж, саналыг нь худалдаж авдаг юм байна гэж ойлгосон. Энэ байдал нь төсөв данхайж том болох шалтгаан болсон юм байна. Тэгэхээр улсын хөгжил ярих боломжгүй. Гишүүд тойргууддаа төсөв тавиулаад, хөрөнгө оруулалт хийхээр сонгуулиар давуу талтай болчихдог. Төсвийн мөнгийг өөрийнхөө мөнгө шиг тойргууддаа зарцуулдаг. Ийм байхад тэгш сонгууль явуулах ч боломжгүй.
Ер нь төсвийн хэлэлцүүлгээс манай улсын олон асуудал яагаад шийдэгддэггүй вэ гэдэг дүр зураг харагдаж байна. Тухайлбал, Засгийн газар нь боогоод оруулаад ирчихсэн төсөв дээр сайд нар нь өөрсдөө тойрог дээрээ мөнгө тавиулахын төлөө ямар увайгүй зүтгэдэг гэдгийг нүдээрээ харлаа. Дунд нь байж харлаа. Би бол энэ хүмүүсийг гайхсан, ой гутсан. Олон сонгогдсон гишүүдийг хүндлэх ёстой юм байна, тойргийн сонгогчдодоо хүндлэгдсэн учраас хүндлэх ёстой юм байна гэж бодсон чинь улсын мөнгөөр тойргууддаа юм хийж, эрээ цээргүй дайрч байж сонгогддог юм байна. Засгийн газрын гишүүн байж л ингэж дайрч тойрог дээрээ төсөв тавиулдаг юм байна. Чуулганы хуралдааны нэг, хоёрдугаар эгнээнд нь олон сонгогдсон гишүүдээ суулгадаг. Тэнд дандаа сайд, байнгын хорооны дарга, олон сонгогдсон гишүүд суудаг. Гэтэл байж байгаа байдал, авир, үйлдлийг нь харахад тэд ингэж хүндлэгдэх ямар ч эрхгүй юм байна. Ер нь чуулганы хуралдаанд үсгийн дарааллаа эрэмбэлэгдэж суух ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, УИХ-аар батлуулсан. Үүнийг батлахдаа төсөв хэтэрхий их тэлэх учраас батлахгүй гэдэг байр сууриа илэрхийлэх ёстой байсан юм биш үү. Төслөө хэрэгжүүл гэчихээд мөнгийг нь батлах гэхээр эсэргүүцээд байх шиг харагдаад байна л даа?
-14 мега төслөөс ирэх жил хэрэгжих нь гурван л төсөл байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэр, Үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Бусад нь тухай бүрд нь оруулж ирэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтын төсөв дээр гуравхан төсөл нь л байгаа. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслөөс болж төсөв тэлээгүй. Харин урсгал зардал асар их нэмэгдсэн.
-Төсвийг энэ чигээр нь өндөр зарлагатай баталчихвал яах вэ. Та нүүр ном дээрээ МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан ч болно гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Ер нь та хоёр ч удаа МАН-аас гарах асуудлыг хөндлөө. УИХ олонхоороо асуудлаа шийддэг. Ялангуяа танай нам гишүүдээ хайрцаглаж байгаад бүх асуудлаа шийдчихдэг шүү дээ?
-Миний хувьд улстөрд шинэ учраас мэдэхгүй зүйл байж магадгүй. Намын бүлэг шийдвэр гаргасан бол түүнийгээ бүх гишүүн дагах ёстой. Дагахгүй бол хариуцлага тооцдог юм байна. Би хувьдаа эрэмбэ буруу байна гэж бодож байгаа. УИХ-ын гишүүдээр дамжиж ард түмний дуу хоолой хүрч, эрх хангагддаг гэж ойлгож байгаа. Гэтэл ард түмнийг намаар хайрцаглаж, хэлэх эрхийг нь бооно гэдэг Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-ын гишүүн бол намаас нэр дэвшиж сонгогдсон гэхээсээ илүү ард түмний төлөөлөл гэдэг утгаар харах ёстой. Харин аль нам, бүлгийн гишүүн бэ гэдэг дараагийн асуудал. Гэхдээ миний ярьж байгаа зүйл бол бүгд зарчмын л асуудал. Би ямар нэгэн албан тушаал авах ч юм уу, жижиг улс төр хийгээгүй. Ийм зорилготой гишүүддээ намын бүлэг хариуцлага тооцож болно. Ер нь Монголын эдийн засаг хүнд, хүмүүсийн амьдрал хэцүү, төрдөө итгэх итгэл сул байгаа үндэс язгуур нь энэ л юм байна. Үүнийг өөрчлөхгүй, өөрчлөхийн төлөө дуугарахгүй бол би энд юугаа хийх юм бэ. Хувийн хэвшил хүнд байдалтай, данс тооцоогоо хаалгачихсан, цалингаа тавьж, зээл авч чадахгүй, олоогүй орлогынхоо төлөө татвар төлөх үүрэг хүлээгдэж байхад би тэдний төлөөлөл болж УИХ-д орж ирчихээд өөрчлөхийн төлөө явах ёстой шүү дээ.
Татварын систем, татвар хурааж байгаа аргачлалыг өөрчлөхгүй бол бидний ирээдүйн гэрэл улам л багасаад байна. Манай аж ахуйн нэгжүүд хутганы ирэн дээр л явж байгаа. Гэтэл ирэх жилийн төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн. Тавилга, эд хогшил урсгал зардал 2.2 дахин нэмэгдэж 270 тэрбум төгрөг болсон. 270 тэрбумаар тавилга авна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Энэ мөнгө хувийн хэвшилд байвал компаниуд цалингаа нэмнэ, хөрөнгө оруулалт хийнэ, орчноо сайжруулна, зах зээлээ тэлнэ. Бидний төлөөлж байгаа иргэдийн амьдрал хангалуун сайхан байсан бол чимээгүй явж болно. Гэтэл хүмүүсийн амьдрал хэцүү байна шүү дээ.
Засгийн газрын гишүүн байж л ингэж дайрч тойрог дээрээ төсөв тавиулдаг юм байна. Чуулганы хуралдааны нэг, хоёрдугаар эгнээнд нь олон сонгогдсон гишүүдээ суулгадаг. Тэнд дандаа сайд, байнгын хорооны дарга, олон сонгогдсон гишүүд суудаг. Гэтэл байж байгаа байдал, авир, үйлдлийг нь харахад тэд ингэж хүндлэгдэх ямар ч эрхгүй юм байна. Ер нь чуулганы хуралдаанд үсгийн дарааллаа эрэмбэлэгдэж суух ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.
-126 гишүүнтэй парламент анхны төсвөө батлах гэж байна. Гэтэл бүлгийн гишүүн нь төсвөө шүүмжлээд байхаар танд дарамт ирж байна уу. Бүлгийн чинь дарга уулзсан уу?
-Жагсаалтын гишүүд бид хоорондоо ярьж, санал солилцдог. “Ер нь үг хэлж болох юм уу, үгүй юм уу” гээд. Уг нь мэтгэлцэж ярьж, хоорондоо асуудлаа хэлэлцэж байж аливаа зүйл сайжирдаг болохоос амьгүй албат шиг кноп дараад сууж байвал УИХ-ын гишүүн ч гэж байхын хэрэг алга. Нэгмөсөн баахан хонь авчирч тавиад парламентад суулгах хэрэгтэй.
Нөгөө талаасаа эрэмбэ өөр болчихсон санагдаад байгаа юм. Улны гэдэг шиг хамгийн доод давхарга нь ард түмэн болчихоод байна. Ерөнхий сайд МАН-ын сонгуулийн нээлтийн үгэн дээр "МАН нийгэмших хэрэгтэй юм байна" гэж хэлж байсан. Үүнийг би олзуурхаж байгаа. Намууд шинэчлэл хийх хэрэгтэй байна. Шинэчлэл хийж илүү олон ургалч үзлийг гаргадаг, тэр дундаасаа хөгжлийг олж хардаг байх хэрэгтэй. Тэгэхгүй хэдэн хүн хайрцаглачхаад асуудлаа шийдээд байвал энэ улс чинь хөгжихгүй шүү дээ.
-Ер нь жагсаалтын гишүүдийг намынхаа кнопчин болгох гээд байдаг шүү дээ. Цаашдаа намын хайрцаглах гэсэн байдал өөрчлөгдөхгүй бол яах вэ?
-Би энд улс төр хийх гэж орж ирээгүй. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн л эрх ашгийг хамгаалъя, түүний төлөө чадах чинээгээр ажиллая гэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, парламентад энэ нийгмийн бүлгийн хаалгыг нээе гэж орж ирсэн. Дэвших процесс нь улс төрийн намаар дамжиж орж ирсэн болохоос сонгогдсон хойноо бол би ард түмний төлөөлөл. Намын гишүүн бол эрэмбээрээ дараагийн асуудал. Ерөнхий сайд ч “улсын эрх ашиг нэгт, хоёрт нам, бүлэг, өөр сонирхол байх ёстой” гэж хэлсэн. Надад хувийн эрх ашиг гэж байхгүй учраас миний ярьж байгаа зүйл намын эрх ашгаас дээгүүр байна гэж боддог.
-Танай намын бүлгээс таныг дэмжиж байгаа гишүүд байна уу. УИХ-д дэмжлэгтэй байж явна шүү дээ. Хэдий ганцаараа байр суурь илэрхийлээд, нийгмийн дэмжлэгтэй байсан ч парламентад дэмжлэггүй бол үр дүнтэй байж чадахгүй?
-Тийм ээ, маш зөв. Ер нь намуудын онцлог байна. Ардчилсан нам харьцангуй чөлөөтэй, өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлдэг явдаг юм байна. МАН-ын хувьд тодорхой хэмжээнд намын бүлгийн дүрмээ баримтална гэдэг. Гэхдээ аль аль намд нь үзэл баримтлалдаа үнэнч олон гишүүн байгаа гэж харж байгаа.
Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээгүй байсан бол нөгөө сонгогддог хүмүүс нь сонгогдоод яваад байх байсан. Одоо бол 84 шинэ гишүүн ороод ирчихсэн байна. Гэхдээ МАН-ын дотор яахаа мэдэхгүй болон гишүүн байна. Дэмжмээр байна гэдэг. Гэтэл аль нэг сайдын хариуцсан асуудлыг шүүмжлэхээр шууд л дайрдаг. Өнөөдрийн хэвлэлийг харахад нэг гишүүн эсрэг байр суурь илэрхийлсний төлөө өмнө нь ажиллаж байсан компани руу нь дайраад гүтгэлэгийн шинжтэй юм тавьж байна шүү дээ. Жагсаалтын гишүүд хувийн эрх ашиг багатай хүмүүс байна. Тэр утгаараа бие даасан үзэл бодлоо илэрхийлж, шаардлагатай зүйлийн төлөө дуугарна гэж найдаж байгаа.
Уг нь мэтгэлцэж ярьж, хоорондоо асуудлаа хэлэлцэж байж аливаа зүйл сайжирдаг болохоос амьгүй албат шиг кноп дараад сууж байвал УИХ-ын гишүүн ч гэж байхын хэрэг алга. Нэг мөсөн баахан хонь авчирч тавиад парламентад суулгах хэрэгтэй.
-Энэ бүхэн хөрөнгө оруулалтаа эрэмбэлж чадахгүй байгаатай холбоотой юу. Хаанаа алдаа гараад байгаа юм бэ?
-Яг үнэнийг хэлэхэд Монгол Улсад макро эдийн засаг мэддэг хүн алга байна. Татвар хураадаг Сангийн яамаар эдийн засгийн өсөлтийг хийлгэнэ гэдэг хэзээ ч бүтэхгүй. Б.Жавхлан сайдын ч буруу биш. Тэр хүн яаж мөнгө олох вэ, татвараа яаж бүрдүүлэх вэ гэдгээ л бодно. Нөгөө талд нь төсвийн бодлого хэрэгтэй. Эдийн засгаа тэлэхийн тулд зөвхөн жилийн бодлого хангалтгүй. Эдийн засгийн хөгжлийн яам юм уу, бүтцүүд нь урт хугацаанд бодож төлөвлөж, орлогоо хэрхэн нэмэх бодлогоо гарах ёстой.
-Та МАН-ын гишүүнээр хэзээ элссэн бэ. Үнэмлэхээ авсан уу?
-Надад МАН-ын гишүүний үнэмлэх гэж байдаггүй. Би 1999 онд МАХН-ын гишүүнээр элсэж байсан. Үүний дараа МАХН, МАН гэж хоёр салсан. Нэрээ дагахаар би МАХН-ын гишүүн болчихсон ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй байна. МАХН-ын гишүүн байж байгаад дуусан л гэж бодож байгаа.
-Сая улстөрд ороход таныг гишүүнээр элсүүлээгүй юм уу?
-Надад үнэмлэх өгсөн юм байхгүй. Аягүй бол МАХН-д 1999 онд элсэж байсныг үргэлжлүүлнэ гэж бодсон юм уу, мэдэхгүй. Яг одоо надад МАН-ын үнэмлэх ч юм уу, гишүүний татвар төлдөг юм бол байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.