О.Саранчулуун: Ахмад настнуудын эрх хөдөө орон нутагт илүү хөндөгдөж байна
2024.09.30

О.Саранчулуун: Ахмад настнуудын эрх хөдөө орон нутагт илүү хөндөгдөж байна

“Ахмад настны эрх: Өнөөгийн байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.09.30/ хийжээ.

Тус уулзалтыг Хүний эрхийн Үндэсний Комисс, “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагатай хамтарч олон улсын Ахмадын өдрийг угтан зохион байгуулж буй. Уг хэлэлцүүлэг нь ахмадын эрхийн конвенцын төслийн үзэл баримтлал, ач холбогдлыг таниулах зорилготой аж. 

Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Тус уулзалтаар Ахмад настны эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын зорилтыг талуудын оролцоонд тулгуурлан тодорхойлж, Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын конвенц батлагдахын ач холбогдлыг хэлэлцжээ. 

ХЭҮК нь ахмад настны эрхийн хэрэгжилт, хамгааллын өнөөгийн байдал, Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ахмад настны эрхийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 гаруй ахмадыг хамруулсан “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал” судалгааг 2022 онд хийжээ. 

Уг судалгааны дүн болон холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэлд үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хүрээнд санал, дүгнэлт боловсруулж, УИХ-д танилцуулсан юм.

Энэхүү уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Улаанбаатар хотоос илүү хөдөө орон нутагт асуудал байна. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ хүртээмжгүй байна. Илүү урт удаан, аз жаргалтай хүн амьдрахын тулд хүн хэмээн хүндэтгүүлж, бүх эрх, эрх чөлөөгөө эдэлдэг байх ёстой гэж зүйрлэж болно.

Насаар ялгаварлуулахгүй, хүчирхийлэл, үл хайхрахаас ангид байх, эрүүл мэндээ хамгаалуулах, насан туршдаа боловсрол эзэмших, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, тогтмол орлоготой байх, коронавируст халдварын цар тахал, зөрчилдөөн, дүрвэгсдийн хямрал зэрэг онцгой байдлын үед чанартай үйлчилгээг хүртээмжтэй авах, аюулгүй байдлаа хангуулах нь нийгмийн эерэг үр нөлөө юм.

Ахмад настан нэг бүрийн бүх эрх, эрх чөлөөг бодитой хангахгүйгээр нэр төртэй, сайн сайхан амьдрах боломжгүй. Ахмад настны эрх, эрх чөлөөг хангахын тулд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн агуулгад тусгахаар зорьж байна. Түүнчлэн хүний эрхийн үндэсний байгууллага, хүний эрхийн дэлхийн хөдөлгөөн, олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн санаачилга дор ахмадын эрхийн асуудлаа тусгайлсан эрхийн баримт бичиг боловсруулан батлахыг сайшааж, нэгдэх болно” гэлээ.

Ташрамд дурдахад, хэлэлцүүлэгт оролцогчид цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, санхүүгийн дарамт, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл зэргээс үүдэн ахмад настны эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг илэрхийлж байлаа.