Б.Уянга: Өвөл утаатай үед сургууль, цэцэрлэгийг амраагаад, зун ордог болох зохицуулалт хийх шаардлагатай байна
Өвлийн улиралд нийслэлчүүдийн хамгийн том асуудал болдог утаа, агаарын бохирдлын талаар УИХ-ын гишүүн Б.Уянгаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга "Утааны асуудал бидэнд тулгамдаад буй том асуудал мөнөөс мөн. Хятад, Энэтхэг зэрэг улсуудыг харахад нэлээн урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байж үр дүнд хүрч байх шиг байна.
Утааны асуудал бол зөвхөн байгаль орчны яамны асуудал биш, бүх яамдууд үүнд анхаарч байж үр дүнд хүрнэ. Тиймдээ ч 2024-2028 оны хөгжлийн хөтөлбөрт бүх яамдуудад агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлууд орсон байгаа.
PM2.5 тоосонцрын хэмжээ агаарт их байх нь ялангуяа хүүхдүүдэд муу. ДЭМБ-ын 2021 оны судалгаагаар PM2.5 тоосонцрын хэмжээ агаарт м.куб-т 50 микрограммаас их байвал аюул гэж байгаа. Гэтэл одоо манай улсад өвлийн улиралд үүнээс дээш байгаа шүү дээ. Ядаж энэ үеүдэд сургууль, цэцэрлэгийг амраадаг байвал яадаг юм бэ. Үнэхээр зун амраах ёстой бол долоон сард нь амраад зургаа, найман сард нь хичээллэдэг байя. Яг ид хүйтний үеэр 12, 1 саруудад амраадаг байвал яадаг юм. Магадгүй энэ нь Улаанбаатар хотод таарах шийдэл байж магадгүй. Яг энэ агаарын бохирдлыг бууруулаад, PM2.5 тоосонцрын хэмжээ нь боломжит түвшинд хүрэх хүртэл бил хамгийн түрүүнд бид юу хийж болох вэ гэвэл сургууль, цэцэрлэгийнхээ цонхнуудад шүүлтүүр суулгах ч юм уу тиймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байх.