Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы 2024.12.13/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.
Л.Мөнхбаатар гишүүний энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төсөл дэх хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой байр сууриа Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн бол Х.Баасанжаргал гишүүн хуульд өөрчлөлт оруулснаар үүсэх үг дагаварын талаар тодруулсан. Мөн тэрбээр улс төрийн нам нь ардчиллын суурь бүтэц, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зохион байгуулалтаар хангадаг энэ бүтцийн үйл ажиллагаа хариуцлагатай байж гэмээ нь иргэдийн засаглах эрхийг хангах, төрд итгэх итгэлийг өсгөхөд их чухал үүрэгтэй. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох талууд анхаарна хэмээн найдаж байна гэлээ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулахдаа “Төслөөр зөвхөн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн 2 дугаар зүйл дэх намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээ авч, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх хугацааг өөрчилж байгаа” хэмээв. Цаашдаа дахиж хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахгүйгээр, хэрэгжилтийг нь хангах шаардлагатай гэдэг хариултыг өгсөн.
Намууд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 7 нам дүрмээ шинэчилж, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгаа талаар мөн мэдээллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn