Д.Энхтүвшин: Мөчлөг сөрсөн сангийн бодлого явуулж, алдагдалгүй төсөв баталдаг 60 гаруй улс бий
2024.12.16

Д.Энхтүвшин: Мөчлөг сөрсөн сангийн бодлого явуулж, алдагдалгүй төсөв баталдаг 60 гаруй улс бий

Засгийн газраас шинээр өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төслийг УИХ-аар энэ сарын 12-нд баталсан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа дараах байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Төсөв батлах үеэр зарим нөлөө бүхий гишүүд 2025 оны төсвийг алдагдалгүй баталж байгаа нь буруу, өндөр хөгжилтэй 2, 3-хан орон л алдагдалгүй төсөв баталдаг гэж ярьсныг залруулах нь зүйтэй санагдлаа. 

Мөчлөг сөрсөн сангийн бодлого явуулж алдагдалгүй төсөв баталдаг дэлхийн 60 гаруй улсууд байдаг. Ялангуяа уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай, баялгийн сантай, эдийн засгийн бүтцээ солонгоруулах зорилготой, Засгийн газрын өрөө нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай улсуудын ихэнх нь эдийн засгийн өсөлттэй үедээ төсвөө алдагдалгүй баталдаг.

Манай эдийн засагт уул уурхайн салбарын нөлөө маш өндөр. Тухайлбал 2023 оны ДНБ-ний өсөлтөд эзлэх уул уурхайн салбарын хувь 60%, экспортын 90+ хувийг уул уурхайн салбар эзэлсэн байна. 

Энэ графикаас харахад 2018 он болон 2025 онд Монгол улсын төсөв алдагдалгүй байхаар байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 7.7%-д хувьд хүрч өндөр байсан ч төсвийг мөн алдагдалгүй барьж байсан байна. Энэ үед Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан. Эндээс харахад Монгол улсын Ерөнхийлөгч өмнөх төсөвт тавьсан хоригтоо “мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй” гэсэн нь санамсаргүй зүйл байгаагүй харагдаж байна.

Алдагдалгүй төсөв баталснаар төсвийн үргүй урсгал зардлыг танах, төрийн бүтээмж, төрийн өмчийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих бодлогын шилжилтүүд хийх боломжийг нээж байгаа” хэмээн тайлбарлав.