Н.Алтаншагай: “Хавдар судлалын үндэсний төв-II” төсөл Ерөнхийлөгчийн санаачилгаар баригдахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 47 дугаартай захирамж гаргасан. Энэ нь “Хавдар судлалын үндэсний төв-II” эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэхээр ажлын хэсэг байгуулах аж.
Тус ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭЗХ-ийн төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллахаар болжээ.
УИХ-аар хэлэлцсэн ирэх оны улсын нэгдсэн төсөвт хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцийг эхлүүлэх ажлын хүрээнд 7.9 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулж чадсан.
Уг төслийн газрын олголтыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай шийдүүлж өгсөн юм.
Н.Алтаншагай гишүүн хэлэхдээ “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор болгон илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг байгуулахаар тусган Ерөнхийлөгчийн зүгээс ажлын хэсэг байгуулж байгаа юм. Монголын төдийгүй дэлхий дахины томоохон асуудал болоод байгаа хавдрын асуудалд ийнхүү Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас онцгой анхааран дэмжлэг үзүүлэхээр болж байна.
Уг эмнэлгийг барихаар 34-р хорооны нутаг дэвсгэрт 12 га газрыг гаргахаар хөөцөлдөн шийдээд байсан бол нэмээд 3 га газар гарган цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгохоор болж газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар хотын баруун бүс, хамгийн их хүн амтай дүүргийнхээ зовлонг мэдэхийн хувьд эмнэлгийн үйлчилгээг иргэдэд маань ойртох, тэгш хүртээмж талаасаа нэг алхам урагшилна гэдэгт итгэлтэй байна.
Хот төлөвлөлтийнхөө тухайд хотын баруун бүсэд байгаа гэдгээрээ иргэдэд эмнэлгийн хүртээмж талаасаа хамгийн зөв шийдэл хэмээн төлөвлөлтийнхөн үзэж байгаа” хэмээв.