С.Одонтуяа: Төрийн байгууллагын автомашинуудад евро-5 стандартын шатахуун ашиглана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.
Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахална. Сайд С.Одонтуяа “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2023 онд татан буугдсан. Энэ хороог дахин байгуулах шийдвэр гарсан. Аливаа зүйлийг хийхэд алдаж, онох асуудал гардаг. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч энэ хороог дахин байгуулахыг зөвлөлөө. Хэдэн хүнтэй ажиллах, хэдэн хүний төсөвтэй ажиллахыг би гаргаж, дараагийн хуралд танилцуулна. Тийм ч их нэмэлт зардал гардаггүй.
Орчны бохирдлыг, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулахад ойрын хугацаанд ямар ажил хийх төлөвлөгөө гаргаж ажиллана. Энэ хороо УИХ бусад салбар яам, нийслэл, аймаг дүүрэгтэй уялдаа холбоотой ажиллах юм. Хорооны нарийн бичгийн даргаар Хотын дарга Х.Нямбаатар ажиллана.
Үндэсний хорооноос ойрын хугацаанд хэд, хэдэн ажил төлөвлөлөө. Үүнд:
- Сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, технологийн дараалал зөв эсэхэд албан ёсны хариулт өгнө.
- Автомашины утаа бохирдлын нэлээд хэсгийг эзэлж байна. Эхний ээлжид нийслэлийн тээврийн өмчлөлд байдаг 1191 автомашиныг евро-5 стандартад шилжүүлсэн. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар төрийн байгууллагын 2000 гаруй автомашиныг энэ стандартад шилжүүлэх үүрэг, даалгавар өглөө. Дизель түлш нь евро-5 стандарттай харьцуулахад маш олон бохирдлыг үүсгэдэг. Тиймээс энэ асуудлаар ОХУ-тай ярьж энэ түлшний хангамж, үнийн асуудлыг ярилцана” гэлээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллах аж.