Нийслэлийн иргэдийн эрүүл орчинд амьдруулахын тулд 202,626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна
Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаан энэ сарын 17-нд боллоо.
Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын төлөв байдал; Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал; Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ; Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаар танилцуулга мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Хуралдааны эхэнд Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажил, арга хэмжээг танилцуулав.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад зудын эрсдэл их, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд зэргийн эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17 мянга 913 өрхийн 7 сая 329 мянган толгой мал отороор өвөлжиж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын нийт 19 автомат станц ажиллаж байна. Хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 1-р хороолол, Хайлааст, Таван буудал, Шархад, Налайх, Зурагт, Амгалан, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд стандарт дахь хүлцэх агууламжаас 2.7-12.5 дахин их, бусад байршилд стандартын түвшинтэй ойролцоо байна.
Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаагаар гэр хорооллын айл өрх 55.6 хувь, автомашин 28.9 хувь, бусад хүчин зүйлс /усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулаан цахилгаан станцын үнсэн сан/ 15.5 хувь эзэлж байна.
Нийслэлд гэр хороололд амьдардаг айл өрх 2023 онд 50,2 хувь байсан бол 2024 онд 44 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.
Цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгон иргэдийг эрүүл, аюулгүй орчинд стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 202.626 айлын орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.