2025.01.14

Д.Бум-Очир: Дотооддоо дэлхийн хэмжээнд дээд боловсролыг эзэмшүүлдэг болгох шаардлагатай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: 

Залуучууд маань Монголд их дээд сургуульд сурахаасаа илүү гадаадад сурахыг илүүд үздэг болсон. Зүйрлэж хэлбэл эрүүл мэндийн салбарт бас их яригддаг. Монголдоо биш гадаадад эмчлүүлэх гээд явдагтай төстэй зүйл.Монголд байгаа сургуулиудаа голоод байна гэсэн үг. Гологдмооргүй байна аа. Хэзээнээс гологдохоо болих юм. Бид ийм асуудал ярьдаг. Гадагшаа чиглэсэн эмчлүүлэхээр явж байгаа урсгалыг дотооддоо авч үлдье ээ. Мөнгө санхүүгийн хувьд, боловсон хүчний хувьд ч гэсэн энэ салбаруудаа дэмжиж дэлхийн олон улсын жишигт хүргэх талаар авах арга хэмжээнүүдийг бодож үзэх хэрэгтэй байна аа гэдэг. Яг үүнтэй адилхан бид дотооддоо дэлхийн хэмжээнд дээд боловсролыг эзэмшүүлдэг болгох шаардлагатай байна. Сургуулиуд маань олон улсын дэлхийн жишгийн сургуулиуд болох хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын их дээд сургуулиудаа алгасаад шууд гадаадад явчихдаг ийм зүйл маш түгээмэл болсон. Энэ нь байх ёстой зүйл юм шигээр ханддаг болсон. Ийм байх ёсгүй шүү. Монголын сургуулиуд өнөөдөр дэлхийн жишгийн сургуулиудтай өрсөлддөг байх. Залуучууд маань Монголдоо дээд боловсрол эзэмшсэнээрээ бахархдаг байх ёстой гэдгийг хэлмээр байна.Энэ ойлголтыг хэзээ яаж бий болгох юм бэ? Их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж ерөөсөө харахгүй юм. Үүний нэг тодорхой жишээ бол сая Эдийн Засаг Хөгжлийн Яаманд шинжлэх ухааныг салгаад аваачиж байгаа байдал. Их сургуулиудыг Боловсролын Яам дээр нь үлдээсэн. Их сургууль чинь гол нь нэг талаасаа боловсрол нөгөө талаасаа шинжлэх ухаан шүү дээ. Тэгтэл шинжлэх ухаан гэдгийг нь бид нар харахгүй хаячхаад байдаг. Шинжлэх ухаан гэхээр зөвхөн ШУА-ийг ойлгоод байдаг энэ маш буруу түгээмэл ойлголт. Энэ 2 хандлагаас бид нар салах хэрэгтэй. Дотооддоо сургадаг байх, Их сургуулийг шинжлэх ухаан гэж хардаг байх хэрэгтэй. Гурван зүйл асууж тодруулъя. Нэгт нь Миний ойлгож байгаагаар багшийн хомсдолд орсон олон шалтгаан байгаа. Тэрний нэг нь их төрийн өмчит их дээд сургуулиуд дээр багш бэлтгэж байсан тогтолцоог үндсэндээ халаад. Жишээ нь МУИС-д нийгмийн ухаанаар ч юм уу түүхээр сурлаа гэхэд дахиж багшийн хэдэн сарын дамжаанд сураад багш болох тусгай үнэмлэх авч байж багшилдаг болсон. Үүнээс болоод тухайн цагт бөөн асуудал гарсан. Тэгэхээр одоо төрийн өмчит их дээд сургуулиуд маань багш бэлддэг болмоор байна. Багшийн ангиудаа нэммээр байна аа. Багш бэлтгэх үйл хэрэгт хүчин зүтгэмээр байна. Энэ бололцоо, эрх зүйг нь яам хангаж өгөх хэрэгтэй байна.Энэ ажил хэр явж байгаа вэ? Төрийн өмчит их дээд сургуулиудыг нэгтгэнэ гээд нэг хэсэг бужигнасан. Энэ одоо юу болсон бэ нэгтгэж чадах юм уу? чадахгүй юм бол болиод өөр алхам руу орвол яасан юм бэ? Бусад төрийн өмчийн их дээд сургуулиуд маань багш бэлдэж байгаа юу? Хоёрдугаарт МИУС-ийн ректор болон бусад ректорууд ч байна. Суурь шинжлэх ухааны салбарууд элсэлт цөөтэй байдаг. Сая 11 сард манай МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн удирдлага багш нар 6 тэрбумын ч илүү алдагдалтай байдаг гээд хэвлэлийн бага хурал хийсэн.Энэ зовлонгууд бусад их сургуулиуд дээр их бага хэмжээгээр байгаа байх. Энэ суурь шинжлэх ухааны салбаруудад оюутан элсэж орж ирэхгүй байсан ч нэг, хоёр оюутантай байсан ч энэ салбарыг хэрвээ ирээдүйд бид нар судалгааны их сургууль болон хөгжинө гэвэл авч үлдэх шаардлагатай байдаг. Энэ дээр төрөөс ямар нэгэн дэмжлэг энэ тэр үзүүлэх үү? Энэ их сургуулиудын суурь шинжлэх ухааны хөгжлийг хэрхэн авч үлдэх вэ?

Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар хариуллаа.