О.Саранчулуун: Олон улсад мэс заслын дараа эмнэлгээс гарч буй хүнд цаашид хэрхэн амьдрах төлөвлөгөөг гаргаж өгдөг
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл"-өөс зохион байгуулсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны сонгол өнөөдөр боллоо.
Тус сонсголд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр хэлэхдээ “Яамны орчны хүртээмж (брайл хэвлэл, налуу зам, гулгадаггүй резин наасан байдал) нь ирсэн хүмүүст маш сайхан санагдлаа.
Гэвч манай эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиолддог асуудал нь "Осол гэмтлийн дараа мэс засалд орсон хүн хаачих вэ?" байдаг. Ядаж хаана протез (хиймэл хөл, гар) хийлгэх вэ гэдэг мэдээллийг өгчих хэрэгтэй. Протез хийлгэх боломжтой ч мэдээлэлгүйн улмаас хагалгаанаас хойш хэдэн жил таягтай, тэргэнцэртэй явж байгаа хүмүүс байна.
Олон улсын туршлагаас харахад мэс заслын дараа эмнэлгээс гарч буй хүнд цаашид хэрхэн амьдрах төлөвлөгөөг гаргаж өгдөг. Эрүүл мэнддээ яаж анхаарах, ямар хоол хүнс хэрэглэх, хаана протез хэзээ ажил эрхэлж болох, хаана ажиллах боломжтой вэ зэрэг цогц төлөвлөгөөг тухайн хүний биеийн байдалд тааруулж гаргаж өгснөөр маш том чиглүүлэг болдог.
Иймд 2025 оны яамны төлөвлөгөө, төсөлд 2 зүйлийг онцгойлон захимаар байна.
- Эрүүл мэндийн үйлчилгээний #Мэдээллийн #Хүртээмжийг сайжруулмаар байна. Тухайн эмнэлгийн байгууллагын аль хаалга руу яаж үзүүлэх юм, хаана нь машинаа тавих юм гэхмэтчилэн наад захын зүйлээс эхлэе.
- Эмнэлгээс гарсны дараа цаашдаа яах вэ гэдэг амьдралын төлөвлөгөөг гаргаж өгдөг баймаар байна. Тухайн төлөвлөгөөг сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч гэх мэт баг хамтран бэлтгэж гаргадаг байя.
Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд эмч, эмнэлгийн байгууллагад маань маш их бэрхшээл тулгарч байгааг ойлгож байна. Энд хоёр талын шалтгаан бий. Нэг талд нь "болж байна шүү дээ" гээд байдаг, нөгөө талд нь үгүй ээ асуудал байна гээд мэдээллийн зөрүү үүсээд байна. Иймд ойлголт, мэдээллийн зөрүүгээ халсан 2025 он байлгая” хэмээв.