УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛАА
Анх удаа бүсчилж явуулсан УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламентын намрын анхны ээлжит чуулган өндөрлөлөө. 2024 оны намрын ээлжит чуулганаар:
УИХ-ын чуулган 81 өдөр чуулж 32 удаа хуралдан 154 асуудал, байнгын хороод 146 удаа хуралдаж 253 асуудал, дэд хороо 6 удаа хуралдаж 14 асуудал хэлэлцлээ.
Чуулганы хугацаанд бие даасан хууль- 8, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль- 29, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль-8,Улсын Их Хурлын тогтоол- 57, Олон улсын гэрээ соёрхон батлах тухай-7 хууль баталлаа.
УИХ-ын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх 14 мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнд хүргэх эрх зүйн орчныг сайжруулж, Цөмийн энергийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эдийн засагт эерэг үр дүн авчрах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Тодруулбал,
- Ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох 2025 оны төсвийн төслийг хоёр удаа хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч анх удаа алдагдалгүй төсөв баталлаа.
- 28 жил яригдсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ баталж, Монгол Улсын Засгийн газар Францын Орано майнинг компанитай 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгууллаа.
- Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэлийг УИХ-ын тогтоолоор баталлаа.
- Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр, хуулийн төслийг Улсын Их Хурал баталж, Газрын тосны үйлдвэр барих ажил хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо.
- Эртний түүхт нийслэл Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хуулийн төслийг баталж, Орхоны хөндийд хот байгуулах ажлын эхлэлийг урагшлууллаа.
- “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэж, нийслэлийн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлага, иргэд, олон нийтийн санал оролцоонд тулгуурлан сайжруулах алхмыг хийлээ.
- Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн төрт ёс түүх, уламжлал, соёлоо олон улсад таниулах, ухаалаг хот болгон хөгжүүлэх хуулийг баталлаа.
Намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг нийт 17 удаа хуралдаж, 44 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн, бүлгийн даргын шийдвэрээр “Үндэсний баялгийн сангийн үр өгөөж, захиран зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнгийн талаар судлан санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”, “Оюутолгой ХХК, Петрочайна дачин тамсаг ХХК, Доншен газрын тос Монгол ХХК компаниудад хийгдсэн татварын хяналт шалгалтын акт, татварын маргаантай танилцаж маргааныг хэрхэн шийдвэрлэх, гэрээ байгуулсан үеийн татварын харилцааг хэвээр хадгалах боломжийн талаар судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан