Д.Амарбаясгалан: Хаврын чуулганаар Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
2025.01.24

Д.Амарбаясгалан: Хаврын чуулганаар Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган хаалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталж, УИХ нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойллоо" хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.

Мөн тэрбээр "Эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар 60 гаруй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тухайлбал, хууль тогтоомжийн тухай хуулийг сайжруулах, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын эрх зүйн шинэтгэл хийх, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих эрх зүйн орчныг бүрдүүлэх, жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хөндөж байна.

Улсын Их Хурлын намрын чуулган ирэх оныхоо улсын төсвийг хэлэлцэн баталдаг нь хуулиар тогтоосон үүрэг юм. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын намрын чуулган өмнөх намрын чуулгануудын хэвшмэл жишгийг өөрчилж чадсан гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан хориг нь төсвийг эргэн харах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ төсвийг хэлэлцэх дэгийн тухай нэг удаагийн хуулийг хэлэлцэн баталсан. Төсвийг дахин хэлэлцсэнээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй батлагдлаа.

Энэ намрын чуулганаар бид сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг УИХ хийлээ. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллалаа.

Ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.

Бидэнд хуримтлагдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн оновчтой орчин бүрдүүлэх, хөгжлөө тэтгэх, хүнээ дээдлэх төрийн бодлогыг төлөвшүүлэх, буруудсаныг засаж, уруудсаныг тэгшлэн, зөв замд нь гаргах түүхэн үүрэг бид бүгдийг хүлээж байна.   

Улс орныхоо өнөөдрийг зөв дүгнэж, маргаашийн алс хэтийг олж харж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэцгээе" хэмээв.