2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ
2024.08.21

2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.08.21) хуралдаан 11:38 цагт гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийв. Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан талаар дурдаад, улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх, хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх томоохон төслүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавихад тодотголын зорилт чиглэж байгааг онцлов.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэх үүднээс Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийн бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна. Үүний хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.

Мөн, эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэх, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг суулгасан байна. Түүнчлэн, Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүн шинэлэгдсэнтэй холбоотой төсвийн зохицуулалтыг хийснийг дээр Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн зохицуулалтыг нарийвчилсан заалтуудыг оруулсан байна.Улсын болон Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулж, эдгээр хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байгаагаа дурдсан юм. Төсвийн тодотголд Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зардалд нийт 41.9 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон байгааг тэрбээр танилцуулгадаа тэмдэглэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Д.Үүрийнтуяа нар асуулт асуулаа. Улсын Их Хурлын гишүүд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлууд ойрын хугацаанд дуусах боломжтой эсэх, томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт нийгмийн салбарын зардлыг танахад хүргэх эрсдэл бий эсэх, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд хүү тооцох боломжийг судалсан эсэх, шууд гэрээ байгуулах худалдан авалтын шаардлага нь ямар хэм хэмжээтэйг болон Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь одоо үзүүлж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээтэй давхардах эсэх, Эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн бэхжүүлэх, эрүүл мэндийн сайдын урсгал зардал юу учир 22.7 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг асуулт тавьж хариулт авсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, төсвийн хөрөнгө оруулалтын зохистой харьцаа, тусай шаардлагуудыг тогтоож, сайтар баримталж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хувийн хэвшил, иргэний нийгмийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах замаар зөвхөн улсын төсвөөр хийж чадахгүй томоохон нийгмийн реформуудыг санхүүжүүлэх, эдийн засаг, татвар, нийгмийн бодлогуудаар давхар хөшүүлэгдэж, дэмжих аргыг зохистой ашиглаж, үр дүнтэй ажиллах нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.