АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ
2025.02.03

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж, Аж үйлдвэрийн паркийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцаж санал солилцов.

Тус уулзалтаар АҮЭБ-ийн сайд Ц.Туваан төрөөс үйлдвэрлэл, технологийн паркийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүний долоон төсөл нь АҮЭБЯ-д хамаардаг. Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрт тусгагдсан нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолборын байршлыг тогтоож, төслийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг гаргасан гэдгийг мэдээллэв.

Мөн уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэс” үйлдвэрлэл, технологийн паркийн хэрэгжүүлж буй төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн зургаан паркийн танилцуулга, хувийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Алтан ширээт” үйлдвэрлэл, технологийн парк, орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөөллүүд өөрсдийн ҮТП-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Аж үйлдвэрийн парк нэн чухал байгаа. Иймд хууль эрхүйн орчны зөрчилтэй байдлыг арилгах, харилцан уялдаа холбоогоо сайжруулах, үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцлоод цаашдаа Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэхийн хамт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх чиглэл өгөв.