БАЯН-УУЛ УЛЬХАНЫ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИЖ, БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
2025.02.14

БАЯН-УУЛ УЛЬХАНЫ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИЖ, БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр нарын гишүүд Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж байна. Уулзалтуудад иргэд, малчид идэвхтэй оролцож хэлэлцүүлж буй асуудал, улс орны шийдвэртэй холбоотой мэдээллүүдэд санал бодлоо сайтар тусгаж байна.

2025 оны улсын төсөвт Баян-Уул -Ульхан чилэлийн хатуу хучилттай 50 км авто замын ажилд 29 тэрбум төгрөг тусгагдсан. Уг автозам ирэх 2026 онд ашиглалтад орох юм. Мөн тус сумын ЕБС-ийн 160 ортой байрны үлдэгдэл санхүүжилт 1,9 тэрбум төгрөг улсын төсөвт сууж энэ онд хүлээн авах юм. Норовлин – Баян-Уул чиглэлийн зам мөн энэ онд ашиглалтад орох юм.

Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх асуудлын нэг болох “Боомтын сэргэлт” зорилтын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам, авто замаар үе шаттайгаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд нь Чингис хот-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд ульхан хилийн боомттой холбогдож, улмаар ОХУ-ын Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомт нэгээр нэмэгдэнэ.

Ингэснээр Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх юм. Үүгээр зогсохгүй Бор-Өндөр – Чингис хотын авто зам ашиглалтад орсноор хоёр хөрштэйгөө босоо тэнхлэгийн дагуу холбогдож транзит тээвэр хөгжих боломжтой болно гэсэн үг. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжлийн бодлого, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод Баян-Уул сумыг тусгайлан авч үзээд байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан