Засгийн газрын амлалт амилах эрх зүйн орчин бүрдсээр
2025.02.21

Засгийн газрын амлалт амилах эрх зүйн орчин бүрдсээр

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөлтэй, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент засгийн газраа байгуулахдаа ч хамтарч байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн хамтарсан засгийн газар, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх том төслүүдийг эхлүүлнэ гэдгээ амласан бөгөөд өнөөдөр 22 сайдтай ажиллаж байна.

Засгийн газраас эдийн засгийн бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, төрийн өмчит компани засаглалд реформ хийх, хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа тэлэх мега төслүүдээ хэрэгжүүлэхээр 20 гаруй хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж намрын чуулганаар олонхын батлууллаа. Үүний дийлэнх нь улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх хууль, тогтоолын төсөл байлаа.

2024 оны намрын чуулганаар Засгийн газраас 20 гаруй хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцжээ

Засгийн газрын төлөөлж УИХ-д хууль, тогтоолын төсөл оруулж, хэлэлцүүлсэн байдлыг сайд бүрээр нь харвал:

  1.  Н.Учрал 8
  2. Ц.Туваан 4
  3. Б.Жавхлан 3
  4. Л.Энх-Амгалан, Л.Гантөмөр, Ж.Батсуурь нар тус бүр - 1 байна.

Үүнээс Н.Учрал сайдын манлайлан ажилласан 8 хууль, тогтоолын төслийн долоо нь батлагджээ.

Үүнд:

  • Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай
  • Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоол
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
  • “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай тогтоол
  • Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай /УИХ-аар хэлэлцэж байгаа/

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

  • Цөмийн энергийн тухай
  • Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай
  • Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай

Сангийн сайд Б.Жавхлан:

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай

Дээрх, хууль тогтоолын төслүүд батлагдсанаар, улс эх орныг хөгжилд хөтлөх томоохон төслүүдээ хамтарсан Засгийн газар гараанаас гаргаж чадлаа. Түүнчлэн эх орныхоо эрдэнэс баялгийн эзэн иргэн Үндэсний баялгийн сан дахь дансаа шууд харж хянадаг, шударгаар хүртэх эрхээ эдлэх, эрх зүйн эрүүл, ил тод орчин бүрдлээ. Энэхүү эрх зүйн реформууд энэ онд бодит ажил хэрэг болж E-Mongolia дахь иргэн бүрийн хуримтлалын данс арвижин тэлж орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах боломжтой болно. 

Монгол улсад 2007 оны УИХ-ын тогтоолоор баталсан 16, нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоогдсон стратегийн орд байна. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас Үндсэн хуулийн суурь зарчмыг амьдралд хэрэгжүүлэхээр стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх ажлаа эрчимжүүлж буй. Хэлэлцээрийг хөндлөнгийн хууль, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн баг манлайлна. Төр давуу эрх эдэлж, үйл ажиллагаанд оролцох бус хувийн хэвшил, ард түмэндээ ашигтай байдлаар санхүүгийн моделийг боловсруулж хэлэлцэхээр ажиллаж байна. Ийнхүү хамтарсан засгийн газрын амлалт амилж буйд иргэд, олон нийтийн зүгээс ч талархалтай хандаж, шударга, шуурхай ажиллахыг ажиглан харж буй биз ээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn